Сонсдог ном татах шилдэг аппликэйшнүүд
Цаг хугацаатай уралдан бүхнийг амжуулах шаардлагатай болсон энэ хурдтай нийгэмд ном тухлан уншихад тусгайлан зав гаргаж чадахгүй байгаадаа гэмших хүмүүсийн тоо улам олширсоор. Өглөө, оройн Улаанбаатарын түгжрэл, өдрийн ажлын ачааллын дараа өөртөө цаг гарган цаасан ном тэврэн суух нь бараг л тансаглал болж хувирчээ. Танд ч мөн адил энэ асуудал тулгараад байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Орчин цагт номыг зөвхөн унших бус сонсох ч боломжтой болсныг та мэднэ биз дээ?
АУДИО НОМЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ТОВЧХОН:
Өнгөрөгч онд дэлхийн номын зах зээл дээр хамгийн өндөр өсөлт гаргасан салбар аудио ном байсан нь санамсаргүй явдал биш. АНУ-д гэхэд энэ төрлийн зах зээлийн аваргууд нийтдээ 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн бөгөөд харин эсрэгээрээ цахим номын зах зээл дээр эргэлдсэн нийт мөнгөн дүн ердөө 940 сая доллар байж. Мөн түүхэндээ анх удаа аудио ном нь борлуулалтаараа цахим номын урд гишгэсэн нь энэ билээ. Судалгаагаар, аудио ном болон подкастыг ажилтай, боловсролтой, залуу хэрэглэгчид түлхүү ашиглаж байна. Ажлаа тараад алхаж байхдаа, оройн хоолоо хийх үедээ, жолоо мушгин түгжирч явахдаа гээд хэзээ ч, хаана ч дуртай номоо үргэлжлүүлэн сонсох боломжийг олгодогт аудио номын гол давуу тал оршдог. Тэр ч утгаараа урсан өнгөрч буй минут бүрийг үр бүтээмжтэйгээр өнгөрүүлэхийг гол зорилгоо болгосон шинэ үеийн залуусын амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг нь аудио ном болсон хэрэг.
ТООН ХЭЛЭЭР:
8.1: АНУ-ын нийт аудио ном сонсогчид жилдээ дунджаар 8.1 ном уншдаг.
3.3 тэрбум: 2020 онд энэ төрлийн зах зээл 3.3 тэрбум доллараар хэмжигдэж байна.
24.4 хувь: Зах зээлийн нийт үнэлгээ 2027 он гэхэд 15 тэрбум долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд жилийн дундаж өсөлт нь 24.4 хувь байх урьдчилан таамаг буй.
73 сая: Таван америк тутмын нэг нь буюу ойролцоогоор 73 сая гаруй хүн долоо хоногт дор хаяж нэг номыг аудио хувилбараар сонсож дуусгадаг. Харин Хятадад 350 сая гаруй хүн өдөр тутамдаа аудио ном сонсдог гэх судалгаа бий.
74 хувь: Америкийн аудио ном сонсогчдын 74 хувь нь машинаар зорчих үедээ аудио ном сонсдог гэж хариулжээ.
Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар аудио ном сонсогчдын тоо хагас тэрбумыг давж байна.
НОМ СОНСОХ ТРЭНД ХҮЧЭЭ АВАХАД ЮУ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ВЭ?
АНУ-д аудио ном сүүлийн 2-3 жил эрчтэйгээр хүчээ авсан нь юун түрүүнд ухаалаг спикерийн хэрэглээ өссөнтэй холбоотой юм. Amazon Echo, Google Nest Audio, Apple Homepod айл гэрийн энгийн хэрэглээ болох тусам түүнийг дагаж гэртээ ном сонсох сонирхолтой хүмүүсийн тоо хурдацтай өсөж байна. Жишээлбэл, та Amazon Echo ухаалаг спикертэй бол аудио номын хамгийн алдартай апп болох Audible-ийг гар утсандаа суулгаад л хоол хийх, гэр цэвэрлэх тэр битгий хэл усанд орох үедээ ч хүссэн номоо гэртээ сонсох боломжтой. Ном унших хурдыг ихэсгэх, удаашруулах, бүлэг алгасаж сонсох, унтахаасаа өмнө номоо сонсож байгаад автоматаар унтраах гээд ухаалаг спикер, аудио ном хоёрын төгс хослол нь ном унших үйлийг урьд хожид хэзээ ч байгаагүйгээр хялбарчилж байгаа юм. Америкийн аудио ном бүтээгчдийн холбооноос хийсэн судалгаагаар ухаалаг спикертэй айл өрхийн 60 хувь нь гэртээ аудио ном тогтмол сонсдог бөгөөд нийт өрхийн 31 хувь нь одоогоор дор хаяж нэг ухаалаг гэрийн туслахтай (Siri, Alexa ) аж. Хэдхэн жилийн өмнө хүмүүс ухаалаг утас, лаптопоороо аудио ном сонсдог байсан бол одоо ухаалаг спикерүүдийн тусламжтай илүү урт хугацаанд, илүү тухтай нөхцөлд дуртай номоо сонсох боломжтой болоод байна. Тэр хэрээрээ номыг зөвхөн цаасан юм уу электрон байдлаар уншаад суудаг бус хаа дуртай газраа хүссэн зохиолоо сонсдог хүмүүсийн тоо улам нэмэгдэж байгаа биз ээ.
АУДИО НОМЫГ ХААНААС СОНСОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Монгол хэлээр сонсох боломжтой аппликэйшн:
Аудио ном бол манай Улаанбаатарын нөхцөлд төгс тохирох контент. Энэ их түгжрэлд хайран цагаа дэмий урсгахаас сэргийлье гэвэл та аудио ном сонсоорой. Эх хэлээрээ хэрхэн аудио ном сонсох вэ гэж үү? Манайд аудио ном бүтээн томоохон сан бүрдүүлж буй нэг л платформ байгаа нь Mplus аппликейшн юм. Mplus нь аудио ном, цахим ном, подкаст зэрэг монгол хэл дээр бүтээгдсэн мянга мянган контентуудыг хүргэдэг. Тэд номуудыг албан ёсны эрхтэйгээр өөрийн студид аудио бүтээл болгон хувиргадаг бөгөөд одоогоор 100 гаруй аудио номыг бэлэн болгожээ. Цаашид ч энэ тоо эрчимтэй нэмэгдэх аж.
Энэ апп гишүүнчлэлийн төлбөргүй ба та өөрийн сонсохыг хүссэн номоо сонгон худалдаж авах юм. Мөн үнэгүй номууд ч бийг дурдах учиртай. Хамгийн сүүлд, Цэдэвдамбын Оюунгэрэл, Жеффри Л. Фолт нарын “Ногоон нүдэн лам” ном аудио хэлбэрээр байршин, ердөө 14 хоногт 800 орчим удаа татагджээ. Монголын бестселлер номын жагсаалтыг олон жил тэргүүлсэн энэ бүтээлийг ийнхүү уншигчид сонсох боломжтой болов.
Цаашид Ц.Оюунгэрэл зохиолчийн сүүлийн бүтээл “Жаран цагаан хонь”, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, “Оройгүй сүм” зэрэг бүтээлүүд, мөн зохиолч Патрик Зюскиндийн дэлхийн 50 гаруй хэлнээ орчуулагдан, 30 гаруй сая хувь хэвлэгдсэн “Сүрчиг” роман зэрэг уншигчдын таашаалыг хүртсэн олон бүтээлийг энэ ондоо багтаан олны хүртээл болгохоор зорьж байгаа гэнэ.
Татах: iOS, Android
Англи хэлээр сонсох боломжтой аппликэйшнүүд:
Audible: Энэ төрлийн хамгийн алдартай апп болох Audible-ийн хамгийн том давуу тал нь 470,000 гаруй номоос бүрдэх онлайн сан юм. Хэрэв та цахим ном уншигч Kindle төхөөрөмжтэй бол Audible-ийг давхар ашигласнаар номоо уншаад суух боломжгүй үедээ үргэлжлүүлэн шууд сонсох боломжтой. Мөн дээр дурдсанчлан, Amazon-ийн ухаалаг спикерүүдтэй холбон илүү үр ашигтайгаар хэрэглэж болно. Сарын төлбөр: 14.95$
Audiobooks: Үнэ болоод дизайны хувьд Audible-тай их төстэй. Гэхдээ татаж авах боломжтой номын тоо нь 150,000 гаруй. Нэг онцлог нь аудио ном сонсож байгаа төхөөрөмжөө солих үед автоматаар хамгийн сүүлд сонсож байсан хэсгээсээ үргэлжлүүлэн сонсох боломжтой. Мөн 30 хоногийн дотор үнэгүй гурван ном уншиж болно. Сарын төлбөр: 14.95$
Serial box: Хэдэн цагаар үргэлжлэх урт романууд биш, богинохон хэмжээний сонирхолтой цуврал зохиолууд сонсохыг хүсэж байвал Serial box-ыг санал болгоё. DC, Marvel-ын цуврал комикуудаас авахуулаад шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшгийн, триллер хэдэн мянган зохиол энэ аппликэйшний санд бий. Зохиол бүрийн эхний нэг бүлгийг үнэгүй уншиж болох бөгөөд номын төрлөөсөө шалтгаалаад үнэ нь 0.99-19.99 доллар. Худалдан авсан номоо сонсож, мөн төхөөрөмж дээрээ давхар уншиж болдгоороо давуу талтай.