"Маша, баавгай хоёр"-т багачууд яагаад хайртай байдаг вэ?
“Маша, баавгай хоёр” гэсэн орос ардын үлгэрийг өмнө нь оросуудаас гадна хуучин социалист системийн орныхон мэддэг байсан. Энэ үлгэрээр оросууд 2009 онд хүүхэлдэйн цуврал кино хийсэн нь эдүгээ дэлхийн олон оронд түгээд байна хэмээн Чехийн NOVINKY.CZ сайт мэдээлжээ.
Сайтан мэдээлснээр одоо энэ хүүхэлдэйн киног Итали, Индонез, Өмнөд Солонгос, АНУ-д амтархан үздэг болжээ.
Италийн хүүхдэд зориулсан RaiYoYo сувгаар нэвтэрч байгаа “Маша, баавгай хоёр”-ыг нэг дор 900 мянган хүн үзэж байгаа бол Индонезид сүүлийн үед төрсөн охидод Маша гэдэг нэр өгөх нь ихэсчээ. YouTube сувгаар энэ хүүхэлдэйг үзсэн хүний тоо 1,7 тэрбумд хүрч, тус сувгийн хамгийн эрэлттэй хүүхэлдэйн киноны жагсаалтыг тэргүүлж байна. Гол баатар Маша толгойдоо алчууртай, бас даашинз нь шагай шүргэдэг учраас энэ кино лалын шашинт улсуудад нэвтрэхэд саадгүй болгож байгаа юм.
Одоогийн байдлаар “Маша, баавгай хоёр”-ыг дэлхийн 25 улсын хэл рүү орчуулаад байна. YouTube-ээс гадна Netflix, NBC Universal зэрэг киноны төрөлжсөн сувгийн цэсэнд Маша, баавгай хоёр аль хэдийнэ байршаад амжжээ. Bloomberg-ийн мэдээлснээр энэ хүүхэлдэй 2015 онд 225 сая ам.доллар олжээ. Харин DVD хувилбарын борлуулалтаас 200 сая ам.долларын орлого олжээ.
Өнөөдрийн байдлаар “Маша, баавгай хоёр”-ын 59 анги хийгдээд байгаа бөгөөд дахин 20 анги хийхээр төлөвлөжээ.
МАШАГИЙН САНААГ КРЫМД АМАРЧ БАЙХДАА ОЛЖЭЭ
Ардын үлгэрийг хүүхэлдэйн кино болгох санаа найруулагч Олег Кузовковт 1996 онд Крымд амарч байхад нь төржээ. Далайн эрэг дээр амарч байгаа хүмүүсийн дунд шаргал үст охин гүйн тоглож, хүн болгонтой найзлахын зэрэгцээ тэр сэргэлэн охин шатар тоглож, орос ардын лапта сайн тоглож амрагчдыг хөгжөөдөг байжээ. Гэсэн ч хэд хоногийн дараа амрахаар очсон хүмүүс тэр охиноос залхаж, зарим нь бүүр харангуутаа нуугддаг болжээ.
Олег Кузовков эхний ангиа 2009 оны нэгдүгээр сарын 7-нд гаргасан. Үлгэрийг орчин цагийн аав ээж, хүүдүүдийн сэтгэхүй, араншинд буулгаж чадсан нь түүний амжилт байсан юм. Гэхдээ үлгэрт Миша баавгай Машаг айлгадаг бол хүүхэлдэйн кинонд эсрэгээрээ Маша Мишаг зовоодог.
МАША ДЭЛХИЙН БРЭНД БОЛОВ
“Анимаккорд” студийн энэ бүтээл эхнээсээ шууд амжилт олчоогүй. Ийм хүүхдийг шийтгэх ёстой байтал энэ хүүхэлдэй буруу үзэл суртлыг номлож байна гэсэн шүүмжлэгчид маш их байжээ. Гэтэл цаг өнгөрөх тусам Маша, Мишаг зөвхөн хүүхдүүд биш томчууд хүртэл сонирхон үзэх болов. Хүүхэлдэйн киног гаргах эрхийг Германы, Францын телевизийн сувгууд худалдан авч, эцэст нь киноны хамгийн том суваг Netflix сонирхлоо.
АНУ-ын Флорида мужийн Майамид болдог хүүхдийн Оскар буюу Kidscreen фестивалиас Маша, Миша хоёр шагнал хүртлээ. Мөн Италид болсон кино фестивалийн үеэр Маша, Миша хоёр “Найзууд үргэлж хамтдаа” нэрээр америкийн “Оддын дайн”-тай өрсөлдөж байлаа. Маша одоо Диснейн баатруудтай эн тэнцэхүйц хэмжээнд очжээ.
Түргэн хоолны “Бургер Кинг” сүлжээ хүүхдийн цэсэндээ Маша, Мишад зориулсан тусгай хоол оруулсан бол, амттаны “Ферреро”, “Данон” компаниуд Маша, Мишагийн нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн амжилттай борлуулж байна. Хэвлэлийн “Эгмонт” компани Машагийн дүртэй хүүхдийн олон ном гаргасан бол Маша, Мишад зориулсан ухаалаг утасны аппликэйшн 2013 онд гарчээ.