Шинэ хэл сурахад хамгийн чухал зүйл бол ХАНДЛАГА
Marianna Pascal бол 2019 оны илтгэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг оролцогч, TEDx-ийн шилдэг илтгэгч нэгэн. Түүний “Гадаад хэл сурна гэдэг урлаг биш. Харин ямарваа нэгэн үр дүнд хүрэхдээ ашигладаг хэрэгсэл” хэмээх үг нь "TEDx-ийн түүхэн дэх шилдэг 100 уриа"-ны нэгээр тодорч байсан удаатай.
Marianna Малайз улсад 20 гаруй жилийн хугацаанд амьдрахдаа тус улсын ард иргэдэд англи хэлний чадвараа хөгжүүлэхэд нь тусалж байжээ. Ингэхдээ хүн шинээр хэл сурахад тэдний хэлний түвшин бус хандлага нь илүү нөлөөлж байсныг ажигласан байна. Ингээд шинэ хэл сурахаар зэхэж буй залууст өгсөн түүний зөвлөгөөг орчуулан хүргэж байна.
Ихэнх хүмүүс шинэ хэл сурахад тодорхой хэмжээний айдаст автдаг нь нууц биш. Гэвч алдаа гаргадаггүй хүн байдаг гэж үү? Бид алдаа гаргахдаа өөрсдийгөө буруутгаж зэмлэдэг. Яг үнэндээ зөвхөн алдаан дээрээ л төвлөрч, алдаагаа засах гэж сэтгэлээ чилээх нь тийм ч үр дүнтэй арга биш.
Миний анзаарснаар зарим оюутнуудын англи хэлний түвшин сайн байгаагүй ч ярих ур чадварын хувьд түвшин өндөр оюутнуудаас илүү байсан. Тухайлбал Faisal хэмээх оюутан бусдын ярихыг маш анхааралтай сонсож өөрийнхөө санааг тодорхой илэрхийлдэг нэгэн байв. Харин зарим оюутнууд бол эсрэгээрээ буюу англи хэлийг маш сайн мэддэг ч өөрийгөө ойлгуулах тал дээр тааруухан байдаг.
Охин минь төгөлдөр хуурын дугуйланд явдаг байсан. Тухайн үед Малайзчуудын англи хэл сурах хүсэл эрмэлзэл, охины минь төгөлдөр хуурт хандах хандлага хоёр төстэй байсныг олж харсан юм.
1. АЙДАС
Охин минь анх төгөлдөр хуур тоглож сурч байхдаа дугуйландаа явах дургүй болж, сүүлдээ бүр бэлтгэлээ хийхээ ч больсон. Учир нь төгөлдөр хуурын багш охины минь амжилтыг алдсан алдаагаар нь хэмждэг байсан.
Малайзчуудад ч мөн ийм айдас байгаа нь харагдаж байв. Магадгүй тэд хэл сурах явцдаа алдаа гаргаж, тухайн алдаагаа шүүмжлүүлж байсны улмаас л ийм айдастай байх болсон байх.
2. ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДЭХ
Охин минь "сайн" төгөлдөр хуурын эгшиг хэрхэн дуугардгийг мэднэ. Тэр өөрийгөө ямар түвшинд байгаагаа болон юу сурч мэдсэний дараа төгөлдөр хуурыг "сайн" тоглодог болохоо ч мэддэг. Англи хэл сурч буй хүмүүс ч ялгаагүй.
Би шинээр хэл сурахаар сэтгэл шулуудсан хүмүүст эхлээд тухайн хэлний дуудлагыг сайтар сонс гэж зөвлөдөг. Сайтар сонссон гэж үзэж байгаа бол өөрийнхөө дуудлагатай харьцуул. Хэр их зөрүүтэй байгаагаа тодорхойл гэж захидаг юм.
Би нэг удаа интернэт кафед сууж байтал миний хажууд нэгэн хүү ганцаараа тоглоом тоглож, харин найзууд нь хажуунаас нь хараад зогсож байсан. Хүүгийн хувьд найзууд нь өөрийг нь тоглож байхыг харж зогсох нь тийм ч ичиж санаа зовохоор зүйл биш бололтой. Аль нэг найз нь "чи алдчихлаа шүү дээ" гэж буруутгаж үг үйлдлийг нь шүүх вий гэсэн айдас ч байгаагүй.
Ийнхүү би мөн л тоглоом тоглож буй хүү болон Faisal /оюутан/ хоёрын хандлага адил байсныг анзаарсан. Faisal яг л тоглоом тоглож буй хүү шиг хэн нэгнээс санаа зоволгүй өөрийгөө илэрхийлж, бусдын яриаг анхааралтай сонсдог нэгэн байсан.
Угтаа хэл сурна гэдэг чинь шалгалт өгч, жижигхэн үг үсгийн алдаан дээр улаан балаар томоос том "X" тавиулахтай адил зүйл биш шүү дээ. Бодит байдал дээр уг үг үсгийн алдаа чинь өчүүхэн жижиг зүйл. Бид бүгд л алдах эрхтэй. Хамгийн гол нь өөрийнхөөрөө байх. Та юун дээр алдаж, юун дээр зөв хийж байгаагаа бодоод, үүн дээрээ төвлөрөөд байх ямар ч шаардлагагүй. Зүгээр л өөрийн санаа бодлыг зөв, цэгцтэй хэлбэрээр бусдад ойлгуулах тал дээр л анхаарах хэрэгтэй.
Шинээр хэл сурч буй оюутан, төгөлдөр хуур тоглодог охин, компьютер дээр чадварлагаар тоглоом тоглож буй хүү гээд бүгд бие биенээсээ ялгаатай. Ялгаа нь тэдний аливаа зүйлсэд хандаж байгаа хандлага юм. Зарим хүн хэлнийх нь түвшин өндөр байх тусам түүнийгээ "хангалттай" гэж үзээд цааш ямар нэгэн ахиц гаргадаггүй байхад зарим нь хэлний мэдлэг тааруу ч улам хичээсээр нөгөө төрлийн хүмүүсээс илүү амжилт гаргах нь бий.
Тэгэхээр ХАНДЛАГА хамгийн чухал байх нь.