Минималист хүмүүсийн амьдралдаа хэрэгжүүлэх 10 ДАДАЛ
Минималист гэдэг нь ямар нэгэн илүүдэл зүйлтэй амьдрах бус, зөвхөн өөрт хэрэгцээтэй зүйлсээ үлдээж, байгаль орчинд аль болох бага ачаалал үзүүлж, цэгцтэй амьдрах амьдралын хэв маяг юм. Илүүдэл зүйлс авахгүй байснаар хүн стресс, уур бухимдалд бага өртөж, илүү амар тайван болгодог байна. Өнөө үед дэлхийн нөөц баялаг маш эрчимтэйгээр багасч байна. Дэлхий энэ жил хэрэглэх ёстой нөөцөө 7 сарын дотор ашиглаж дуусгасан бөгөөд цаашдаа энэ эрчээрээ явбал эх дэлхий маань мөхөх аюулд хүрэх нь ээ! /Эх сурвалж: overshootday.org/ Тиймээс та бүхэнд минималист амьдралын хэв маягийг санал болгож байна.
1. Шилэн сав
Шилэн сав ашиглах нь маш олон давуу талтай. Ус, эсвэл цай, кофе гэх мэтчилэн шингэн зүйл хийгээд явахад ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Учир нь шилэнд хадгалснаар ямар нэгэн химийн гаж нөлөө үүсэхгүй. Мөн сүү, тараг зэрэг зүйлсийг зөөвөрлөхдөө шилэн сав хэрэглэснээр маш олон хуванцар сав, уутны хэрэглээг танаж чадна.
2. Даавуун тор
Энэ бол манай нийгэмд тулгараад буй хамгийн том асуудлын гарц. Гялгар уут нь байгальд 400 жил болж байж задардаг. Иймд ахин дахин маш их хаягдал гарган байж гялгар уут худалдан авалгүй даавуун тор хэрэглэх нь минималист хүмүүсийн сонголт болоод байна.
3. Ширээнээсээ эхэл
Ширээн дээрээ маш олон зүйл овоолчихоод, түүнийгээ хараад бухимдаж сууна уу? Тэгвэл ширээн дээрээ зөвхөн өөрт хэрэглэгдэх зүйлсээ үлдээгээд бусдыг нь холдуулах, бүр хэрэгцээгүйг нь хаясан ч болно. Энэ алхмыг хэрэгжүүлснээр таны ажлын үр бүтээмж нэмэгдэж, уур бухимдлаас ангижирч чадна.
4. Хэрэглээгээ багасга
Хэрэглэхгүй ч гэсэн ямар нэгэн зүйлийг дараа нь хэрэг болно гээд аваад хадгалчихдаг бол одооноос энэ үйлдлээ хянаж сурах нь зөв юм. Мөн хэрэглээгүй үедээ гэрлээ унтрааж, хоолны хог хаягдлаа аль болох багасгаж, усаа дэмий урсгахгүй байх нь байгаль дэлхийн нөөцийг гамнаж чадах таны бодит үйлдэл юм.
5. Нэг удаагийн хэрэглэлээс татгалзах
Нэг удаагийн хэрэглээг орлож чадах олон удаагийн хэрэгслүүд маш олон төрөл байдаг. Хуванцар халбага савыг савхаар, хоолны нэг удаагийн савны оронд олон хэрэглэгддэг хуванцар сав, эсвэл шилэн саваар ч орлуулж болох ажээ. Миний хувьд нэг удаагийн хэрэглэл хэрэглэх тохиолдол (кофены аяга, цаасан хайрцаг гэх мэт) гарвал аль болох олон удаа хэрэглэж байж хаядаг зуршилтай билээ.
6. Нийтийн тээвэр болон дугуй
Олон оронд энэ арга нь дэлхийгээ хамгаалах маш эрүүл сонголт болоод байна. Хүмүүс хувийн унаагаар зорчихын оронд дугуйгаар эсвэл нийтийн тээврээр зорчих нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхээс гадна зардал багатай, үр ашигтай. Манай орны хувьд сүүлийн үед UBbike түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтрээд байгаа билээ.
7. Юмхнаар юм хийх
Бүтээлч хүмүүсийн хувьд энэ тун гайхалтай минималист шийдэл мөн. Таны урьд нь “ийм зүйлээр тийм ч зүйлийг хийчихэж болох юм байна даа” гэж бодож байсан тэр санаагаа өөртөө цаг гаргаад хэрэгжүүлээд үзээрэй. Маш гайхалтай шинэ шийдлийг ч олж магадгүй юм.
8. Хувцсаа цэгцэл
Хувцасны шүүгээгээ та хир удаж байж цэгцэлдэг вэ? Эсвэл хэт их хувцас цуглуулчхаад нөгөөдөхөө хэзээ нэгэн өдөр хэрэглэнэ гэж хүлээж байна уу? Тэгвэл одоохон зөвхөн өөрт хэрэгтэй өдөр тутам хэрэглэдэг хувцсаа үлдээгээд бусдыг хандивлахыг танд зөвлөж байна.
9. Бүх юмсыг өөрсдийн гэсэн байх ёстой байранд нь тавь
Энд тэнд номнуудаа хөглөрүүлээд, аяга тавгаа угаалгүй хаа таарсан газраа орхичихдог юм биш биз? Тэгвэл гэр тань замбараагүй байгаагийн шинж. Минималист амьдарна гэдэг нь туйлын эмх цэгцтэй байх хэрэгтэй гэсэн үг. Энэ байдлаас гарч чадах тун энгийн арга бол бүх зүйлийг байх ёстой байранд нь тавих явдал.
10. Хэрэгтэй хүнд нь өг
Хэн нэгний хог хэрэгтэй хүнд нь баялаг болдог. Тиймээс хэрэггүй гэж бодсон хуучирсан хувцас, уншаад дуусчихсан ном зэрэг өөрт хэрэгцээгүй болсон бүх л зүйлсийг хэрэгтэй хүнийг нь олж өгөх нь маш их хаягдлаас сэргийлж чадна. Дээрээс нь хүнд тусална гэдэг маш сайхан зүйл юм.
Минималист амьдрал орчин үед улам бүр төгөлдөржсөөр байна. Шинэ техник технологийн бүтээлүүд энэ амьдралын хэв маягтай уялдан гарч ирсээр байгаа үед бид энэ 10 дадлыг хэрэгжүүлэх нь дэлхийн хөгжилд хөл нийлүүлж алхаж буй нэг хэлбэр юм.