ЭМЯ: Дотоодын халдвар 318-д хүрч, нийт батлагдсан тохиолдол 760 боллоо
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.28/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 11929 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 22 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод таван тохиолдол бүртгэгдлээ. Бүгд ХӨСҮТ болон ажиглан тусгаарлагдах байранд тусгаарлагдсан хүмүүс байсан. Нийт Улаанбаатар хотод 70 тохиолдол бүртгэгдээд байна.
Сэлэнгэ аймагт 10 тохиолдол бүртгэгдэж, 167 боллоо. Дархан-Уул аймагт хоёр тохиолдол бүртгэгдэж, 35 болсон байна. Дорноговь аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Айраг сумын ойрын тохиолдол байсан байна. Зөөвөрлөж орж ирсэн дөрвөн тохиолдол бүртгэгдлээ.
Тэдний гурав нь Монгол Улсын иргэн бол нэг нь ОХУ-ын иргэн байна. Бүгд тээврийн жолооч байсан. Ингээд дотоодын халдвар 318 болж байна. Нийт батлагдсан тохиолдол 760 болж байна" гэж ярилаа.