ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Нэг хүнийг 6.7-8.9 сая төгрөгөөр эмчилж байна
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусний эмчилгээг өвчтөн бүрийн суурь өвчин, онцлогт тохируулж хийж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Хүнд хүмүүст антибиотик, биеийн эсэргүүцлийг дэмжих эмчилгээ хийнэ. Эмчилгээг хүн бүрийн онцлогт тохируулж хийж байгаа учир дэлгэрэнгүй тайлбарлах аргагүй. Эмчилгээ оновчтой явж байна гэж үзэж байгаа. Хүнд хүмүүс дээрээ онцгой анхаарч ажиллаж байна. Нэг хүнийг 6.7-8.9 сая төгрөгийн зардлаар эмчилж байгаа" гэлээ.
Эм, оношлуур, шинжилгээнүүд гээд бүгдийг нь оруулаад ийм зардал гарч байгаа аж. Өвчтөн компьютер томографийн шинжилгээнд хэд хэдэн удаа ордог аж. Мөн дээрх тоонд эмч нарын хувийн хамгаалах хэрэгсэл оржээ.
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн уушигийг онцгой анхаарч, рентген зэрэг бусад бүх шинжилгээг хийж байгаа талаар Д.Нямхүү захирал ярилаа. Мөн вирусний тоо цөөрч байгаа эсэхийг шинжилж, өвчтөнүүдийн өтгөн, цусанд, хоолойн арчдас зэрэгт бүх шинжилгээг багцаар нь авч байна гэв.
Коронавирусний халдвартай өвчтөн хүндэрвэл оруулах нэн чухал аппарат бэлэн байгаа аж.