Автобус үйлчилгээнд гаргасан гэх “хариуцлага” Д.Сумъяабазар дээр бууж байх шиг байна
“Автобус нэг” баазын нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрч, тус баазын бүх алба хаагчдыг шинжилгээнд хамруулахад түргэвчилсэн оношлуураар таван хүний хариу эерэг гарсан, иймд PCR шинжилгээ авч байгаа талаар бид өчигдөр /2020.12.04/ мэдээлсэн. Мөн тус жолоочтой хамт ажилладаг, нэг унаагаар явдаг өөр нэг жолоочоос халдвар илэрсэн талаар ЭМЯ мэдээллээ.
Харин тус жолооч гурван өдрийн хугацаанд нийтийн тээврийн автобус жолоодож, шугамд явсан гэх ба түүний нэг өдрийн гүйцэтгэлийг бодоход 1000 гаруй хүнд үйлчилсэн гэж буй юм. Харин түүний кабин битүү, үйлчлүүлэгч нар масктай байсан учир эрсдэл бага гэж найдаж байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж буй.
-НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАСАН ХАРИУЦЛАГААС АЛБАН ТУШААЛТНУУД ЗУГТАЖ БАЙНА УУ-
Тэгвэл өнөөдөр автобусыг нийтийн тээвэрт явуулж, иргэдийн бөөгнөрлийг үүсэх нөхцөлийг хэн зөвшөөрсөн вэ гэдэг асуулт гарч ирээд байгаа юм. Харин зарим албаны эх сурвалжууд “бид тийм чиглэл өгөөгүй” гэж мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн твиттер хуудастаа “Хэн ч тийм чиглэл өгөөгүй” гэж мэдэгдсэн нь олны шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Учир нь хөл хорионы эхний өдрүүдэд тээврийн цагдаагийн алба хаагчид иргэдийг хувийн автомашинаар нь зорчуулахгүй гэх шаардлага тавьж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарж байсан билээ. Мөн Улсын Онцгой комиссын эх сурвалжууд ч “бид ийм чиглэлийг өгөөгүй” гэж буй юм.
-Д.СУМЪЯАБАЗАР: МЭРГЭН ЦЭЦЭН ЗАРИМ ХҮМҮҮС МИНЬ ГЭРТЭЭ БАЙЖ БУЯН БОЛЖ ҮЗ-
Харин Нийслэлийн засаг даргын арван нэгдүгээр сарын 18-ны өдөр гарсан захирамжид “Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 07:00-10.00, орой 17:00-20:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоож, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай” гэж захирамжилж байжээ.
Хотын даргын захирамж
Харин хотын дарга Д.Сумъяабазар энэхүү захирамжаа гаргахаасаа өмнө өөрийн твиттер хуудастаа “Бүх л хөдөлгөөн өөрөө өндөр эрсдэл дагуулдаг,унаа тэрэггүй хөгшчүүл,иргэд,эмнэлэг эмийн сан орох,хүнсний дэлгүүр орж хүнс авах хүмүүс ээ бодож нийтийн тээврийг,дэглэм тусгай горимын дагуу явуулж байгаа! Мэргэн цэцэн зарим хүмүүс минь, шаардлагагүй бол гэртээ байж буян болж үз ” гэж мэдэгдэж байжээ” гэж мэдэгдэж байжээ.