Сэтгэл түгших эмгэг ЯМАР ШАЛТГААНЫ улмаас үүсдэг вэ?
Заримдаа шалгалтад орохын өмнө, хүмүүсийн урд үг хэлэх, шинэ ажилд орох гэх мэтчилэн амьдралын идэвхтэй чухал үйл ажиллагааны үеэр танд сэтгэл түгшиж, айж сандрах мэдрэмж төрж байсан уу? Энэ нь ганцхан танд ч биш хүн бүрд тохиолддог хэвийн үзэгдэл бөгөөд сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр билээ.
Гэвч энэ мэдрэмж хэвийн хэмжээнээсээ хэтэрч, удаан хугацааны турш мэдрэгдэж эхэлбэл сэтгэл түгших эмгэг үүсэж буйн илрэл юм. Ингээд энэ удаагийн дугаарт сэтгэл түгших эмгэг гэж юу болох, ямар шалтгааны улмаас бий болдог талаарх мэдээллийг хүргэж байна.
СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГ ГЭЖ ЮУ ВЭ?
Сэтгэл түгших нь стресс болон танил бус нөхцөл байдалд бие махбод, сэтгэл санааны үзүүлж буй буй хариу үйлдэл юм. Сэтгэлийн түгшүүр нь хүсээгүй эсвэл тодорхойгүй ямар нэг зүйл тохиолдох гэж байгаа юм шиг тайван бус мэдрэмж төрөхийг хэлэх ба зарим талаараа ашиг тустай байдаг. Тухайлбал, чухал ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд түлхэц өгөх, зөн совингоороо хүчирхийллийн аюулаас өөрийгөө хамгаалах зэрэг сэтгэлийн түгшүүр таныг аюулаас авардаг аж. Өдөр тутамд төрдөг энэхүү мэдрэмж нь таны амьдралд саад учруулдаггүй. Харин сэтгэл түгшилт, айдас үргэлж мэдрэгдэж, өөрөөр хэлбэл зургаан сар буюу түүнээс дээш хугацаанд үргэлжилбэл сэтгэл түгших эмгэг үүсэх магадлалтай гэнэ.
Сэтгэцийн энэ төрлийн эмгэг нь сэтгэл хөдлөлийн хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд аль ч насны хүнд тохиолдож болно. Ихэнх тохиолдолд энэ эмгэгт эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өртөх бөгөөд сэтгэл түгших эмгэг туссанаа тэр бүр анзаарч мэддэггүй ажээ.
СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГИЙН ТӨРЛҮҮД
Сэтгэл түгшилт нь хэд хэдэн эмгэгийн гол шалтгаан болдог. Үүнд:
1. Ерөнхий сэтгэл түгших эмгэг. Энэ нь үргэлж л бүх зүйлд хэт их санаа зовох эмгэг юм. Ийм эмгэгтэй хүмүүсийн эрсдэлд өртөх магадлал энгийн хүмүүсийг бодвол өндөр байдаг бөгөөд мөнгө, санхүү, эрүүл мэнд, гэр бүл, ажил болон бусад асуудалд байнга санаа зовдог байна. Тэдний хувьд санаа зовнилоо хянахад хэцүү байдаг. Тэд сэтгэл түгших эсвэл санаа зовох шалтгаангүй байсан ч байж болох хамгийн сөрөг зүйлийг таамаглаж суудаг байна.
2. Агорафоби нь гэрээсээ гарахаас айх айдас юм. Энгийнээр тайлбарлавал онгоц, автобус, автомашинаар явах гэх мэт давчуу, олон хүнтэй газар сэтгэл түгшүүрлэн, тавгүйтэхийг хэлдэг байна. Ийм эмгэгтэй хүн гэртээ ганцаараа байхыг ихэвчлэн хүсдэг.
3.Сандрах эмгэг. Ийм эмгэг гэнэт гарч ирдэг ба заримдаа шөнө гэнэт нойрноосоо сэрэх тохиолдол хүртэл бий. Тодорхой нэг зүйлийн талаар байнга бодож түгшүүрлэхтэй огт адилгүй юм. Гэнэтийн давтамжтай байдлаар таныг сандарган, дахин давтагдахвий гэсэн айдас төрүүлж байдаг.
4.Фоби. Фоби гэдэг нь тодорхой объект, газар орон, нөхцөл байдлаас ямар ч үндэслэлгүйгээр маш хүчтэй айх айдас юм. Тухайлбал: өндрөөс айх, харанхуйгаас айх, олон жижиг нүхтэй зүйлсээс айх гэх мэт.
5.Тусгаарлах сэтгэлийн түгшүүр. Энэ нь хайртай хэн нэгэн, ойр дотнын хүмүүсээсээ салахаас хэт их айх сэтгэлийн түгшүүр юм.
6.Нийгмээс түгших эмгэг. Ийм эмгэгтэй хүн олон хүмүүсийн дунд байж чаддаггүй бөгөөд хүмүүс намайг юу гэж харж байгаа бол гэсэн түгшүүртэй байдаг. Нөгөө талаас бусдаас сөрөг сэтгэгдэл авах, шүүмжлүүлэхээс айдаг.
СЭТГЭЛ ТҮГШИЛТИЙН ШАЛТГААН
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр дэлхийн хэмжээнд 13 хүн тутмын 1 нь сэтгэлийн түгшүүртэй байдаг аж. Мөн сэтгэл түгших эмгэгийг дэлхий даяар хамгийн түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэг гэж тодорхойлсон бөгөөд сэтгэцийн эмгэгийн жагсаалтыг Фоби, Сэтгэл түгшүүрлэх эмгэг, Нийгмээс түгших эмгэгүүд тэргүүлдэг байна.
Сэтгэл түгших эмгэгээр эмэгтэйчүүд ихээр өвчилдөг. Учир нь эмэгтэйчүүд сэтгэл санааны дарамт, айдас зэргийг эрэгтэйчүүдээс илүү мэдэрдэгтэй холбоотой байж болзошгүй юм. Энэ эмгэг нь аажмаар үүсэн бий болдог бөгөөд хэзээ ч эхэлж болно. Гэхдээ балчир наснаас идэр нас хүртэлх насанд өртөх эрсдэл хамгийн өндөр байдаг ажээ. Сэтгэл түгших эмгэгийн яг тодорхой шалтгааныг тодорхойлох боломжгүй ч гол үүсгэгч хүчин зүйлсэд:
- Гэр бүлийн байдал
- Амьдралын туршлага
- Эрүүл мэнд
- Стресс
- Биологийн хүчин зүйлс
- Зан төлөвийн байдал гэсэн шалтгаанууд нөлөөлдөг байна.
СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГ ӨСВӨР НАСАНД НӨЛӨӨЛӨХ НЬ
Сэтгэл түгших эмгэг нь зөвхөн насанд хүрэгчдэд тохиолддог асуудал биш юм. Америкийн Сэтгэл гутрал, Сэтгэл түгших эмгэгийн Холбооны хийсэн судалгаагаар найман хүүхэд тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй тэмцдэг болохыг тогтоожээ.
Сэтгэл түгших эмгэгийн тархалтын түвшин нас ахих тусам нэмэгдэх хандлагатай байдаг бөгөөд энэ нь өсөн томрох үйл явцтай холбоотой юм. Хүүхдийн сэтгэлгээ хөгжихийн хэрээр стресс үүсгэгч хүчин зүйлс нэмэгддэг. Энэ нь бүр эртнээс буюу хүүхэд анх сургуульд орж, гэр бүлийнхээ тухтай орчноос аажмаар холдож эхлэх үеэс эхэлдэг байна. Өсвөр насныхны ертөнцийг үзэх үзэл, үе тэнгийнхний өөрийнх нь тухай бодол (ичгүүртэй байдалд оруулах, дээрэлхэх, шоглох гэх мэт) нь нийгмээс түгших эмгэгийг үүсгэгч гол хүчин зүйл бөгөөд ихэвчлэн бэлгийн бойжилтын үед тохиолддог.
Судалгаанаас харахад сэтгэл түгших эмгэгээ эмчлүүлээгүй хүүхдүүд, өсвөр насныхан хичээлдээ тааруу сурах, нийгмийн харилцаанаас татгалзах, мансууруулах бодис хэрэглэх, хоол тэжээлийн дутагдалд орох, өвчинд амархан өртөх зэрэг эрсдэлд орох нь элбэг байдаг. Иймд бага нас, өсвөр насанд сэтгэлийн түгшүүрийг арилгах нь маш чухал юм.