БЗД-ийн иргэдийг бусад эмнэлэгт эмчлүүлэх зохицуулалт хийж байна
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сүүлийн хоёр хоногийн хугацаанд коронавирусийн халдвар нэмэгдэн бүртгэгдэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Онцгой комиссын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнбаатар нар мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар гарсан ч тус дүүргийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хаанаас авах вэ гэж санаа зоволтгүй бид бусад эмнэлгүүдэд эмчлүүлэх зохицуулалтыг хийж байна.
Тус дүүргийн иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн эмнэлэг, "Энэрэл" эмнэлэгт, харин хүүхдийн тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх боломжтой болсон. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт короновирусын халдвар илэрснээс хойш тохиолдлын ойрын болон дам хавьтлын 1000 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, ойрын хавьтлуудыг тусгаарлах ажлыг Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна.
Бид ойрын хоёр хоногийн хугацаанд хавьтагчдыг бүрэн тогтоож дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор нөхцөл байдал сайн биш байгаа боловч нийслэлийн хэмжээнд 250 мянган иргэн шинжилгээнд хамрагдсан байгаа. Иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхтэй байгаа нь эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хүндрэл учруулж байна” гэв.
Коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн чухал алхам нь хувь хүний хариуцлагатай үйлдэл, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг онцгойлон баримталж, байгууллагын QR кодыг заавал үүсгэж үйлчлүүлэгчдийг эрсдэлээс хамгаалах үүргийг биелүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн сануулав.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс