Манай улсад томуугийн өвчлөл, бусад тууралтат халдварууд буурчээ
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр манай улсад томуу, томуу төст өвчний халдварын тохиолдол буурсан үзүүлэлттэй байна.
Томуугийн харуулдан тандалт явагдаж, коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүн бүр амны хаалт зүүж, зай барьж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа зэрэг нь томуугийн өвчлөл буурахад нөлөөлжээ.
ЭМЯ-ны сайдын тушаалын дагуу томуугийн тандалтаас коронавирусний халдвар илрүүлэх тандалт руу шилжиж байгаа аж.
Манай улсад томуугаас гадна салхин цэцэг, бусад тууралтат халдварууд буурсан үзүүлэлттэй байна. Тархвар судлалын 50 дахь долоо хоногийн мэдээллээр томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 1.6 хувийг эзэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.5, сүүлийн 3 жилийн дунджаас 4.9 хувиар буурсан үзүүлэлт юм.
Хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байх, гараа сайтар савандаж угаах, амны хаалтаа зүүх зэрэг дэглэмийг сайтар сахиж, эдгээрийг амьдралынхаа хэвшил болгох нь халдварт өвчнөөс хамгаална.
Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байснаар амьсгалын замын өвчин, коронавирусний халдвараас сэргийлэх юм. Нийтийн тээвэр, эмнэлэг зэрэг халдварын эрсдэл өндөртэй газруудаар үйлчлүүлэхдээ дээд зэргээр анхаарал болгоомжтой байгаарай.