Үр бүтээмжтэй ажиллахад АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТ чухал

Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө цагт залуус бид хүссэн зорилгодоо хүрэхийн тулд, хүссэн амьдралаараа амьдрахын тулд чадах чинээгээрээ хичээж байна. Сайтар төлөвлөсөн цагийн хуваарь гарган, түүнийхээ дагуу ажилласан ч гараас гарч буй зүйл тань хангалттай санагдахгүй байх тохиолдол бий.

Өмнө нь бид цагийн менежментээ л сайн хийх юм бол үр дүн нь аяндаа гараад ирнэ гэж боддог байсан ч тийм биш ажээ. Харин ч цагаа хэрхэн хуваарилах тал дээр толгойгоо гашилгасаар төсөөлж байгаагаасаа ч их цагийг дэмий үрдэг байна. Тэгвэл өндөр үр бүтээмжтэй байхын нууц юу вэ гэж үү? Энэ бол анхаарал төвлөрөлт.

ЗОРИЛГО

Цагийн менежментийн тухай зөвлөгөөнүүдэд даалгавар бүрийг хэдий хугацаанд хийж дуусгахаа нарийн төлөвлө хэмээн зөвлөсөн байдаг. Гэвч хүмүүсийн дийлэнхэд нь энэ арга нөлөөлдөггүй. Учир нь тухайн ажлыг амжилттай хийж гүйцэтгэхийн тулд хэдий хугацаанд хийхдээ биш ЯАГААД хийх гэж байгаадаа төвлөрөх нь биднийг үр бүтээмж гэдэг зүйл рүү илүү ойртуулж байдаг байна.  

Та бүхэн өөртөө ажиглалт хийсэн бол бидний үр бүтээмж муутай байгаа нь хичээл зүтгэл, сэтгэл бага зарцуулсных биш, урам зориг дутсаных байдаг. Гэрийн даалгавар, бие даалтаа хийхгүй байя гэж боддог хүн бараг байхгүй болов уу. Хамгийн гол нь барилдахаасаа таахалзана гэгчээр ихэнх цагийг “хийнэ дээ, хийе даа” гэж бодсоор өнгөрөөдөгт л байгаа юм.

ӨМНӨ НЬ ҮҮ, ДАРАА НЬ УУ?

Бид ихэнх ажил, даалгаврыг дуртайдаа биш, хийх шаардлагатайдаа хийдэг шүү дээ. Та дуртай зүйлээ хийснийхээ дараа эдгээр даалгавруудыг хийвэл тэр эрч хүчээрээ хийж дуусгана гэж бодож байж магадгүй. Гэвч энэ нь яг л амттан идсэнийхээ дараа ямар ч амталгаагүй хүнсний ногоо идэхтэй адил мэдрэмж төрүүлдэг. Тиймээс уйтгартай буюу хийх шаардлагатай даалгавраа дуусгасныхаа дараа дуртай зүйлээ хийгээрэй.

БҮТЭЭЛЧ БАЙДАЛ

Бид насаараа л өгөгдсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж амьдрахгүй шүү дээ. Бидэнд хааяа ч гэсэн хайрцгаас гадуур сэтгэж, бүтээлч байх шаардлага гардаг. Тэгвэл анхаарал төвлөрөлтийн менежмент нь үр бүтээмжтэй байдал болон бүтээлч байдал дээр эсрэг онолоор ажилладаг байна.

Үр бүтээмжтэй байхын тулд толгойд эргэлдэг олон бодлуудад шүүлтүүртэй хандаж, хийж буй ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Харин бүтээлч байхын тулд тэдгээр шүүлтүүрүүдээ авч, олон төрлийн бодлуудаа буцааж эргэлдүүлэх хэрэг гардаг гэнэ.

ЯМАР ТӨРЛИЙН ХҮН БЭ?

Зохиолч Daniel H. Pink-ийн “When: The Scientific Secrets of Perfect Timing” номд хүний байгалийн хэмнэл тухайн хүнийг өдрийн хэдийд анхаарал төвлөрөлт сайтай, хэдийд нь бүтээлч байхыг шийддэг талаар бичсэн байдаг. Тухайлбал, та “early bird” буюу өглөөний хүн бол анхаарлаа сайтар төвлөрүүлэх шаардлагатай ажлуудаа үдээс өмнө амжуулж, үдээс хойшдоо бүтээлч ажлуудаа амжуулах хэрэгтэй.

Эсрэгээрээ, та “night owl” буюу шөнийн цагаар идэвхтэй байдаг төрлийн хүн бол үдээс өмнө бүтээлч чадвараараа, оройн цагаар анхаарал төвлөрөлтөөрөө ажиллавал илүү үр бүтээмжтэй байх болно.

Тиймээс хүн бүр өөрийн онцлогоо олж нээн, тухайн онцлогтоо тохируулан ажиллах нь чухал юм.

ЦАГ АГААР

Нийтлэлийн төгсгөлд сонирхуулан хэлэхэд цаг агаар бидний ажлын бүтээмжид нөлөөлдөг гэнэ. Мичиганы их сургуулийн судлаач Julia Lee-гийн хийсэн хэд хэдэн судалгаагаар энэ нь тогтоогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл гадаа хүйтэн, бүрхэг байх тусам бид сатаарахгүйгээр ажил, хичээлдээ төвлөрч чаддаг байна. Тухайлбал бороотой өдөр Японы банкны ажилчид гүйлгээг энгийн өдрүүдээс илүү богино хугацаанд гүйцэтгэж байсан бол Америкт бүрхэг өдөр хүмүүс эсээ бичлэгийн алдааг илүү сайн олж харж байсан гэдэг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.208.220)