Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын суралцах эрхийг хангана
“Тэгш хамран сургах боловсролын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Засгийн газрын ээлжит 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
Уг төсөл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан сурч боловсрох эрхийг хангах хүрээнд бүх шатны сургалтын байгууллагад сургалтын хүртээмжтэй орчин бүрдүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.
Энэхүү тогтоолоор тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын суралцах эрхийг хангах чиглэлээр ойрын ирээдүйд бидний авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.Үүнд:
-Хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос үл хамааран цэцэрлэг, сургуульд тэгш хамруулах, эрүүл мэндээс шалтгаалан танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд тохирсон боловсролын хувилбарт болон явуулын багшийн үйлчилгээ бий болгох талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах
-Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй суралцагч элсэх орон тооны доод хязгаарыг тогтоож, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчлэх ажилтан ажиллуулах
-Сургалтын цахим технологийг хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлэх, цахим контент боловсруулж сургалтад нэвтрүүлэх
-Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмших хичээлийг заавал судлах зохицуулалт хийх
-Багш нарыг давтан бэлтгэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах хяналтын тоог жил бүр тогтоож мөрдөх
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны цалингийн сүлжээний ангилал, нэмэгдлийг тусгайлан тогтоох
Бүх шатны цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн болон сургуулийн ойр орчны зам, талбай, ариун цэврийн өрөө, анги танхимыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэгш, хүртээмжтэй болгох арга хэмжээг 2021-2023 онд багтаан хэрэгжүүлэхийг холбогдох сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.