Хөхөө эрүүл байгаа эсэхийг хэрхэн ШАЛГАХ вэ?
Эмэгтэйчүүдэд тохиолдох хавдруудын жагсаалтын хоёрдугаар байранд хөхний хорт хавдар ордог байна. Тиймээс охид, бүсгүйчүүд бидний зайлшгүй хэвшүүлэх ёстой дадлын нэг бол хөхөө эрүүл байгаа эсэхийг тогтмол шалгаж сурах. Ийнхүү тогтмол шалгах нь хөхөнд гарч буй өөрчлөлтүүдийг тухай бүрд нь мэдэхээс гадна хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай юм.
Хөхний хорт хавдар нь хөхний булчирхай дотор хатуу бэрсүү үүсгэдэг. Тиймээс үүнийг байна уу, үгүй юу гэдгийг хөхөө өөрөө шалгаснаар мэдэх боломжтой юм. Хөхний хорт хавдартай хэмээн оношлогдсон эмэгтэйчүүдийн 40 хувь нь хөхний булчирхай дотор ямар нэг хатуу зүйл байгааг анзаарч, мэргэжлийн эмчид хандсанаар шаардлагатай арга хэмжээг эрт авч чадсан байна. Ингээд хөхөө хэрхэн шалгах тухай зөвлөмжийг хүргэе.
ХЭЗЭЭ ШАЛГАХАД ТОХИРОМЖТОЙ ВЭ?
Насанд хүрсэн ихэнх эмэгтэйчүүд хөхөө сар бүр тогтмол шалгадаг. Энэ давтамж нь хөхний хэлбэрт ямар нэгэн өөрчлөлт орсон эсэхийг мэдэх хамгийн тохиромжтой хугацаа юм. Ингэхдээ сар бүрийн тогтсон нэг өдөр буюу сарын тэмдэг дууссанаас хойш долоо хоногийн дараа шалгах хэрэгтэй. Учир нь энэ үед хөх зөөлөрч, хэвийн байдалдаа орсон байх тул шалгахад хялбар байдаг. Харин цэвэршсэн эмэгтэйчүүдийн хувьд санахад амар, тодорхой нэг өдөр, эсвэл сарын эхний хоногийг сонгон шалгаж хэвшээрэй.
ХӨХӨӨ ШАЛГАХ АРГУУД
1. ШҮРШҮҮРТ ОРЖ БАЙХДАА ШАЛГАХ
Усанд эсвэл шүршүүрт орж байх үедээ шалгаснаар арьсан дээр ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэх нь маш сайн мэдрэгддэг давуу талтай. Шалгахдаа хөхөө савандсаныхаа дараа суганаас хөх хүртэлх зай болон хөхийг бүхэлд нь хурууныхаа өндгөөр зөөлөн дарж, тэмтэрч шалгана. Ингэхдээ зангирсан, хатуу зүйл мэдрэгдэж байгаа эсэх, өөр ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг сайтар шалгаарай. Нөгөө талын хөхөө мөн адил шалгана.
2. ТОЛИНЫ ӨМНӨ ШАЛГАХ
Толины өмнө зогсоод биеэ суллан хоёр хөхийг ажиглана. Хоёр гараа ээлжлэн дээш өргөж хөхөө эгц урдаас нь болон баруун, зүүн, баруун хажуу, зүүн хажуу талаас нь анхааралтай хараарай. Ажиглахдаа хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл ялгарч байгаа эсэхийг шалгана.
Үүний дараа хоёр гараа ташаандаа тулан цээжний булчингаа чангалаарай. Хөх өмнөх хэмжээнээсээ өөр хэлбэртэй байна уу гэдгийг зөвхөн нэг талаас нь хараарай. Зүүн, баруун хөхний хэмжээ яг адилхан байх албагүй. Судалгаагаар маш цөөн эмэгтэйн хөх ижил хэмжээтэй байдаг нь тогтоогдсон тул үүнд бүү санаа зовоорой.
3. ХЭВТЭЭ БАЙДАЛД ШАЛГАХ
Хэвтэх үед хөх цээжийг даган жигд хэвтээ хэлбэртэй болдог тул хөхний өөрчлөлт сайн мэдрэгддэг аж. Хэвтээ байрлалд орсныхоо дараа баруун мөрний дор намхан дэр тавин баруун гараа толгойн дээр байрлуулна. Зүүн гарынхаа хуруунуудаар баруун хөхийг тэр чигт нь (суганы хэсэг орно) зөөлөн даралттай хучна. Ингээд хөхний толгойг зөөлөн шахаж, толгойноос хэвийн бус шингэн ялгарч байгаа (цус, идээ) эсэхийг шалгаарай.
Үргэлжлүүлэн хөхний хорт хавдрын нийтлэг шинж тэмдгүүд болон эрт үед нь хэрхэн таних тухай мэдээллийг хүргэе.
ХӨХНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ҮЕИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД
- Хөхний арьсны өнгө өөрчлөгдөх /жишээлбэл: улайлт, хөхрөлт/
- Хөхний хэмжээ өөрчлөгдөх /хоёр хөх өмнөхөөсөө илт ялгаатай хэмжээтэй болох/
- Хөхний толгойн өөрчлөлт /зөвхөн нэг нь өөрчлөгдөж болно/
- Хөхний сүү хөхүүл үеэс бусад үед гарах
- Хөхний аль нэг хэсэгт хэсэгчлэн өвдөх
- Хөхний дотор талд бөөгнөрсөн хатуу зангилаа мэдрэгдэх
Эдгээр шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн эмчид яаралтай хандахыг зөвлөе.