Марк Зукербэрг өөрийн гараар нядалсан ямааны махаар Твитерийн боссыг дайлж байжээ
Твиттер компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорсигийн дэлгэрэнгүй ярилцлага өчигдөр Роллинг Стоун сэтгүүлд нийтлэгджээ. Уг ярилцлагадаа тэр Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэргтэй уулзаж байсан нэгэн сонирхолтой түүхээ дурссан нь хүмүүсийн анхаарлыг татаад байна.
Зукербэргтэй уулзсан хамгийн мартагдашгүй дурсамжаа хуваалцахыг хүсэхэд 42 настай Дорси “Тэр нэг жил зөвхөн өөрийн гараар нядалсан амьтны мах идэх зорилго тавиад байсан юм. Тэгээд тэр ямааны махаар намайг нэг удаа дайлсан. Өөрийн гараар нядалсан ямааны махаар” гэж ярьжээ.
Марк Зукербэрг жил бүр өөртөө ямар нэг хувийн зорилго тавьж, түүнийгээ хатуу сахидаг уламжлалтай. Дорсигийн өгүүлж буй үйл явдал 2011 онд болсон байна. Тухайн жил Зукербэрг зөвхөн өөрийн гараар “муулсан” амьтны мах хүнсэндээ хэрэглэх этгээд зорилго тавиад байсан бололтой.
Дорси ярилцлагадаа Зукербэргтэй тухайн үед юу ярьснаа маш дэлгэрэнгүй өгүүлжээ.
“Бид чиний гаргасан ямааны махыг идэх юм уу?” гэж асуухад Зукербэрг “Тийм” гэж хариулж байсан гэнэ. “Өмнө нь чи ямааны мах идэж байсан уу?” гэж асуухад тэр “Тиймээ. Би ямааны маханд дуртай” гэж байжээ. Өөр идэх юм байгаа үгүйг асуухад Зукербэрг салад санал болгож, ямааны махнаас сэжиглэсэн Дорси зөвхөн салад идээд оройн хоолоо өндөрлүүлж байсан гэнэ.
Хоол болохыг 30 минут хүлээсний дараа гал тогооноос авч ирэхэд мах хүйтэн байсныг Дорси гайхан ярьсан байна. Зукербэрг ямааг нядлахдаа эхлээд тусгай буугаар буудаж ухаан алдуулаад дараа нь хутгаар голыг нь тасалсан, дараа нь мах бэлтгэгч рүү явуулсан байх гэж тэр бас тааварлан ярьжээ. Цаана нь дахиад таван амьд ямаа байсныг Дорси ярилцлагадаа дурссан байна.
Цахиурын хөндийн томоохон бизнесмэнүүдийн хоорондын хачин сонин харилцааг харуулсан энэ түүх хүмүүсийн дунд дуулиан тариад байна. Хэвлэлийнхэн Фэйсбүүк компанийн төлөөлөгчөөс энэ талаар тайлбар хүсэхэд одоогоор хариу өгөөгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Business Insider