Гал түймэр унтраах, аврах ангиуд түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын бэлэн байдалтай аймгийн Засаг дарга болон удирдлагууд энэ сарын 23-нд танилцлаа.
Тус газар Урьдчилан сэргийлэх тасаг, шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасаг, эрэн хайх аврах бүлэг, 114-р салбар, Гал түймэр унтраах, аврах 21, 44, 66, 67 дугаар анги гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Нийт 145 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж байгаа юм. Одоогийн байдлаар Цогтцэций, Ханбогд суманд байгаа гал түймэр унтраах аврах ангиуд өөрийн гэсэн ажлын байргүй, түрээсийн байранд ажил үүргээ гүйцэтгэж буй асуудал байгаа аж. Мөн том оврын автомашины гарааш шинээр барих шаардлагатай, нөөцийн салбарын дээврийн засвар гэх мэт тулгамдсан асуудлуудынхаа талаар тус хамт олон ярьж байна.
Онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах тал дээр аймгийн удирдлагууд анхаарна гэдгээ хэллээ.
Онцгой байдлын газрын төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Дэнзэн "Хяналтын постууд болон шуурхай штаб дээр манай ажилтнууд үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна зургаан аймгаас өдөр бүр мэдээлэл авч нэгтгэн төвд хүргэдэг. Нөхцөл байдал хүндэрлээ гэхэд бүх албан хаагчид болон машин техник гарахад бэлэн, тус тусын үүрэг чиглэлийн дагуу томилогдоод өндөржүүлэн бэлэн байдалд ажиллаж байна" гэлээ.