Шилдэг эцэг эхийн зөвлөлүүд шалгарлаа
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийг шалгарууллаа.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолд "Байгууллага, аж ахуй нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл" байгуулж ажиллуулах зөвлөмж гарсан билээ. Үүний дагуу Говь-Алтай аймгийн хэмжээнд 2020 онд нийт 96 эцэг эхийн зөвлөл байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын гэр бүл, хүүхдийн судалгаанд үндэслэн тэдэнд чиглэсэн хөгжил, хамгааллыг дэмжих үйл ажиллагааг үе шаттай төлөвлөн зохион байгуулж ажиллажээ.
Тэдгээр эцэг эхийн зөвлөлүүд он гарсаар алба хаагчдынхаа хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллыг дэмжин тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, байгууллагынхаа дэргэд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан өрөө булан тохижуулсан, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх сорил шалгалтад хамруулсан, амьдарч буй орчинд нь эрсдэлийн үнэлгээ хийх, сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх гэх мэт тодорхой ажлуудыг хийжээ. Эдгээр ажлуудыг үндэслэн үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлж ажилласан “2020 оны шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулж батламж, мөнгөн шагнал, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааны самбарыг гардуулсан юм.
Тэргүүн байрт ЗДТГ-ын дэргэдэх Статистикийн хэлтэс
Дэд байрт Эрүүл мэндийн газар
Гутгаар байрт Онцгой байдлын газар
Тусгай байрт Мал эмнэлгийн газар, Шарга сумын Ерөнхий боловсролын сургууль тус тус шалгарав.