Монгол Улс коронавирусний халдвар илрүүлэх гурван тандалт хийж байна

 Монгол Улс коронавирусний халдвар илрүүлэх гурван тандалт хийж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Нэгдүгээрт, тохиолдолд тулгуурласан буюу коронавирусний халдвартай хүмүүсийн ойрын болон дам хавьтлын хүмүүст шинжилгээ хийх,

Хоёрдугаарт, эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулах,

Гуравдугаарт, лабораторийн аргаар олон хүнийг шинжилгээнд хамруулах.

Монгол Улсын хэмжээнд давхардсан тоогоор 443 мянган хүн коронавирусний шинжилгээнд хамрагдсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт энэ сарын 21-нээс хойш 42 мянган хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа аж.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Монгол Улсад коронавирусний тандалт судалгаанд эрүүл мэндийн байгууллагын 2400 гаруй хүн ажиллаж байна. ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өнгөрсөн 24 цагт 3 обьектод халдваргүйжүүлэлт хийлээ. Мөн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээврийн 76 жолоочид коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд бүгд сөрөг гарсан.  Эрүүл мэндийн байгууллагын тусгай дугаарын 7 утасанд 3877 иргэн хандаж, зөвлөмж, зөвлөгөө авсан байна” хэмээв.

Мөн тэрбээр олон улсад коронвирусний тархалт эрчтэй байгааг мэдээлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн 24 цагт ОХУ-д 29 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Япон Улсад мутацид орсон коронавирусний хэд хэдэн тохиолдол батлагдсан тул тус улсын Засгийн газар өнөөдрөөс ирэх сарыг дуустал гадаадаас иргэн авахгүй байх шийдвэр гаргажээ. Мөн Испани, Швед, Норвеги зэрэг оронд мутцаид орсон коронавирус бүртгэгдсэн тул иргэдийг гэртээ байх, зочин урихгүй байх, баярын мэндчилгээг цахимаар илгээх, гэртээ ч амны хаалт зүүх, гэртээ 1.5-2 метрийн зай барих зэрэг зөвлөгөө өгч байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.108.144)