Н.Төгсцогт 11 дэх ялалтаа авч, мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо
Мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж, 9-д нь хүнд цохилтоор ялаад буй Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр Нью-Йорк хотын Брүүклиний "Barclays Center"-т IBO холбооны аваргын бүсний төлөө Доминиканы боксчин Клаудио Маррейротой 12 раунд тулалдсаны эцэст онооны илт давуугаар ялалт байгууллаа.
Өмнө нь олимпийн боксын төрлөөр олимп, дэлхийн мөнгөн медаль хүртэж байсан "King Tug" хочит Н.Төгсцогт Олон улсын боксын холбоо (International Boxing Organization)-ны "featherweight" буюу хөнгөн жингийн 57,2 кг-ын эзэнгүй байгаа аварга цол, бүсний төлөө тулалдсан юм. Энэхүү тулааны ялагч нь WBC холбооны дэлхийн 57,2 кг жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай тулалдах болсоныг өмнө нь зарласан байв.
Хурдтай, зальтай Маррейротой манай тамирчин төдийлэн хүч гаргаж тулалдаагүй ч тоглолтын турш илүүрхсээр ялалт байгууллаа.
Одоо "King Tug" Н.Төгсцогтод WBC холбооны дэлхийн аваргын төлөө хүч үзэхээс эхлээд олон ширүүн тулаанууд хүлээж байгаа юм.