Кпопын эргэн тойронд: 2020 оны ОНЦЛОХ үйл явдлууд

www.news24.mn сайтын зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан 2020 онд Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг багцлан хүргэж байна.               

ДЭЛХИЙ ДАХИНЫГ БАЙЛДАН ДАГУУЛСАН BTS

Кпопын хамгийн тэсрэлттэй жил 2020 он байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь энэ жил Кпоп хамтлагууд АНУ тэргүүтэй дэлхийн бусад орны хөгжмийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлсэн бөгөөд Кпопыг зөвхөн өмнөд Солонгосоор төсөөлөх аргагүй болжээ. Үүний тод жишээ нь BTS хамтлаг байсан юм.

BTS хамтлагийн дөрөв дэх бүрэн хэмжээний цомог “MAP OF THE SOUL:7” нь энэ оны хоёрдугаар сард цацагдсан бөгөөд 4 сая гаруй хувь зарагдсанаар BTS хамтлагийг дэлхийн хэмжээний уран бүтээлч гэдгийг баталсан юм.

Хэдийгээр “COVID-19” цар тахлаас болж олон уран бүтээлчдийн тоглолт, уулзалт цуцлагдаж байсан ч BTS хамтлагийн амжилтууд ар араасаа цуварсаар байлаа. Тухайлбал, тус хамтлагийн англи хэл дээрх анхны уран бүтээл болох “Dynamite” дуу нь цацагдсан даруйдаа олон рекорд тогтоосон юм. Энэ дуу цацагдсан эхний өдрөө л YouTube дээр 101.1 сая хандалт авч, YouTube хуудас дээрх хамгийн их үзэгчтэй нээлтийн бичлэг болсон байна. Мөн Billboard “Шилдэг 100” чартад гурван долоо хоногийн турш тэргүүлж чаджээ. Гэвч BTS хамтлагийн амжилтууд ингээд дууссангүй. Тэд Грэмми наадмын “Шилдэг поп, дуэт хамтлаг” төрөлд нэр дэвшсэнээр Кпоп хөгжмийн түүхэнд Грэммид нэр дэвшсэн анхны уран бүтээлч болов. Энэ үйл явдлын дараа дэлхий дахин Кпоп хөгжмийг зөвхөн Солонгос, Азийнх ч биш “дэлхийн хэмжээнийх” хэмээн хүлээн зөвшөөрч эхэлсэн юм.

BLACKPINK ХАМТЛАГИЙН ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ЦОМОГ

2020 оны Кпоп ертөнцийн бас нэгэн онцлох уран бүтээлч бол BLACKPINK хамтлаг байлаа. Хэдийгээр солонгосчууд YG энтертайнментийг бойкот хийх аян өрнүүлсэн боловч BLACKPINK хамтлагийн авьяас чадвар, байлдан дагуулалтыг үгүйсгэж чадсангүй. Тус хамтлаг “THE ALBUM” цомгоороо Кпопын түүхэнд шинэ рекорд тогтоосон юм.

“THE ALBUM” нь BLACKPINK хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомог бөгөөд нийт 1,209,543 хувь борлуулагдсанаас 319,300 хувийг нь АНУ болон Европ зүгийн орнуудаас худалдан авсан байна. Энэ нь Кпоп охидын хамтлаг нэг сая гаруй цомог борлуулсан анхны тохиолдол болжээ.

BIGBANG ХАМТЛАГ ГЭРЭЭГЭЭ СУНГАВ

Өмнөд Солонгосын “BIG-3” жагсаалтад багтаж байсан YG энтертайнментийн олон уран бүтээлчид 2020 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан юм. Гэсэн хэдий ч оны эцэст нийтдээ 2,7 сая цомог борлуулсан гэсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь бусад Кпоп энтертайнментуудтай харьцуулахад дундаж үзүүлэлт бөгөөд тавдугаар байранд жагссан байна. Харин YG энтертайнментийн урд Big Hit, JYP, SM, Pledis энтертайнмент оржээ.

Кпоп сонсогчид 2020 онд YG энтертайнментаас маш их зүйл хүлээсэн нь ойлгомжтой. Тус энтертайнментийн зүгээс энэ оны эхээр BIGBANG хамтлаг тун удахгүй эргэн ирнэ хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч эдгээр амлалт нь сар сараар хойшилсоор 2020 онд BIGBANG хамтлаг ямар ч үйл ажиллагаа явуулаагүй нь олон хүний урмыг хугалсан юм.

Мөн зөвхөн шүтэн бишрэгчид төдийгүй олон компаниуд чих тавин хүлээж байсан зүйл бол BIGBANG хамтлагийн гэрээгээ сунгах эсэх шийдвэр байсан юм. Ийнхүү 2020 онд BIGBANG хамтлагийн гишүүд (GD, T.O.P, Taeyang, Daesung) YG энтертайнменттэй хийсэн гэрээгээ сунгасан аж. Үүгээр ч зогсохгүй “Coachella 2020” наадамд оролцоно гэдгээ мэдэгдсэн боловч “COVID-19” цар тахлын улмаас тус наадам цуцлагдсан билээ.

АРАВ ГАРУЙ ХАМТЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСОВ

Хэдийгээр 2020 онд Кпопын олон хамтлаг алдартай болж, Кпоп хөгжмийг сонсох цар хүрээ нэмэгдсэн боловч нөгөө талд маш олон хамтлаг үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Тухайлбал, X1, HINAPIA, 1THE9, Yellow Bee, SPECTRUM, Neon Punch, TREI, ANS, WhiteDay, MASC, KHAN зэрэг хамтлагууд тарсан гэдгээ мэдэгдсэн юм. Эдгээр хамтлагийн үйл ажиллагаа зогссон нь олон шалтгаантай боловч дийлэнх нь “COVID-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, улмаар тарсан байна. Харин X1 хамтлагийн хувьд “Produce X 101” нэвтрүүлгээс төрөн гарсан боловч нэвтрүүлгийн санал хураалт будлиантай явагдсан нь ил болсон тул тарсан юм.

Мөн 1THE9 хамтлаг “Under Nineteen” нэвтрүүлгээс байгуулагдсан боловч ердөө 18 сарын гэрээтэй байжээ. Ийнхүү гэрээний хугацаа дууссаны дараа гишүүд өөр өөрсдийн карьерыг хөөсөн байна.

ХАМТЛАГИЙН ГИШҮҮНЭЭ АРАВ ГАРУЙ ЖИЛ ДЭЭРЭЛХСЭН JIMIN

2020 онд Кпоп ертөнцийг тойрсон сайхан мэдээллүүдтэй зэрэгцэн саар мэдээ ч олон гарав. Түүний нэг нь AOA хамтлагийн гишүүдийн хооронд өрнөсөн маргаан юм. Тус хамтлагийн гишүүн Shin Jimin хамтлагаасаа гарсан Kwon Mina-г арав гаруй жил дээрэлхэж, гадуурхаж байсан нь ил болсон байна.

Shin Jimin-ий гадуурхалтаас болж Mina амиа хорлохоор завдаж байсан гэдгээ олон нийтэд мэдэгдэж, удалгүй Jimin уучлалт гуйж урлагийн ертөнцийг орхихоор шийдсэн аж. Гэвч асуудал үүгээр дууссангүй. Энэ хэрэг хамтлагийн бусад гишүүдийн нэр хүндэд нөлөөлж, солонгосчууд AOA хамтлагийг тарахыг шаардсан юм. Мөн Mina-гийн арав гаруй жил амссан сэтгэлийн шархыг юу ч нөхөн төлөхгүй хэмээн FNC энтертайнментэд дургүйцлээ илэрхийлсээр байгаа аж.

SM ЭНТЕРТАЙНМЕНТ БА AESPA

Зөвхөн Солонгост бус дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг, Кпоп ертөнцийн “акул” гэж хэлж болох SM энтертайнметийн хувьд 2020 он тийм ч тайван жил байсангүй. Энэ оны эхээр Super Junior хамтлагийн гишүүн Heechul TWICE хамтлагийн гишүүн Momo-тай үерхэж буйгаа мэдэгдсэн юм. Ийнхүү Кпоп ертөнцөд 13 насны зөрүүтэй хосууд мэндэлжээ. Ихэнх Кпоп энтертайнментууд уран бүтээлчдийнхээ үерхлийг гэрээгээр зохицуулсан байдаг. Тиймээс компаниас нь алдартнуудыг үерхүүлэх сонирхол тун бага байдаг боловч Heechul, Momo нарын үерхлийг хүлээн зөвшөөрсөн байна. Хамгийн гайхалтай нь ихэнх хүмүүс тэдэнд аз жаргал хүсэж байсан юм.

Гэвч EXO хамтлагийн гишүүн Chen аав болсон нь олон хүнийг цочирдуулсан билээ. Хэдийгээр EXO хамтлагийн ихэнх шүтэн бишрэгчид баяр хүргэж, аз жаргал хүссэн боловч эсэргүүцэх хэсэг ч байсан гэхэд хилсдэхгүй. Тэдгээр эсэргүүцэж буй шүтэн бишрэгчид Chen-ийг хамтлагаасаа гарахыг шаардаж, SM энтертайнментийн үүдэнд суулт хийгээд ч амжсан юм.

Мөн SM энтертайнментийн зүгээс Red Velvet хамтлагаас хойш зургаан жилийн дараа гаргаж буй aespa хэмээх охидын хамтлагаа олон нийтэд танилцуулсан. Тус хамтлаг нь Karina, Winter, Giselle, Ning Ning гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд энэ оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр анхны уран бүтээлээ гаргажээ.

SM БОЛОН YG ЭНТЕРТАЙНМЕНТИЙН УРАН БҮТЭЭЛЧИД НЭР ХОЛБОГДОВ

2020 оны хамгийн сонирхолтой хайр дурлалын асуудал нь BIGBANG хамтлагийн гишүүн T.O.P болон SM энтертайнментийн харьяа C&C агентлагийн жүжигчин Kim Gabin нар нэр холбогдсон явдал байлаа.

Энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Sina мэдээллийн сайтаас “BIGBANG хамтлагийн гишүүн T.O.P болон жүжигчин Kim Gabin нар өнгөрсөн оноос хойш болзож байгаа” хэмээн мэдээлсэн юм. Ийнхүү адтай шүтэн бишрэгчид тэдний өмссөн хос унтлагын хувцас, хос гутал зэргийг ил болгосон төдийгүй Gabin зарим сторигоо T.O.P-ийн гэрт хийснийг ч мэдэв. Гэвч YG болон SM энтертайнментийн зүгээс уран бүтээлчдийнхээ хувийн амьдралын талаар мэдээлэл өгөхгүй хэмээжээ.

TWICE ХАМТЛАГ 9 САЯ ЦОМОГ БОРЛУУЛАВ

“Солонгосын үндэсний охидын хамтлаг” гэгддэг TWICE хамтлаг 2015 онд байгуулагдсан боловч өнөөдрийг хүртэл олон зуун рекорд тогтоож, Кпоп хөгжмийг дэлхийд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг хамтлагуудын нэг юм. Allkpop сайтаас TWICE хамтлаг 5 жилийн хугацаанд нийтдээ 9 сая гаруй цомог борлуулсан бөгөөд 2021 он гарахад 10 гаруй сая цомог борлуулах магадлалтай байгааг мэдээлжээ.

TWICE хамтлагийн хувьд, 2020 оны зургадугаар сарын 1-нд гаргасан “MORE&MORE” цомог нь 500,000 гаруй урьдчилсан захиалга авсан бөгөөд Naver сайтаас үүнийг Кпоп охидын хамтлагийн дунд сүүлийн 20 жилд байгаагүй өндөр үзүүлэлт хэмээн дурдсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.175.66)