Адууны эртний олдворт нас, хүйс тогтоох судалгаа хийв

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Үзүүр гялангийн хадны оршуулгаас олдсон МЭ-ний VI зууны үед холбогдох эртний адууны нас, хүйс, явдал тодорхойлох судалгаа хийв.

Судалгааг Соёлын өвийн үндэсний төв, “Усан тэлмэн жороо судлалын академи” ТББ-ын дэмжлэгээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн судлаачид хийснийг Биологийн хүрээлэнгийн сайтад мэдээлжээ.

Эртний бодгаль адууны эрмэл үлдэгдлээс шүд болон хэмт ясны дээж авч морфоанатоми, орчин үеийн молекул генетикийн арга зүй ашиглан судалж 19 (±1) настай, жороо морь болохыг тогтоосон байна. 

Тухайлбал, судалгааны тайланд тухайн адууны шүдний цементумын давхарга дахь жилийн цагиргийн тоонд үндэслэн адууны насыг 19 (±1) гэж тодорхойлсон. Адууны удамшлын материалд амелогенин (AMEL) генийн хэсгийн тусламжтай хүйс тодорхойлох судалгааг полимеразын гинжин урвалын аргаар хийж, эртний энэ адуу нь XY хромосом бүхий эр бодгаль болохыг тогтоов.

Судалгаанд жороо болон хэвийн алхаатай дөрвөн адууны цуснаас, мөн эртний адууны яснаас хоёр аргаар удамшлын материал ДНХ молекул ялган адууны явдлын өвөрмөц жороо хэлбэрийг нөхцөлдүүлэгч Doublesex and Mab-3 Related Transcription Factor 3 (DMRT3) генийн мутант аллелийг тодорхойлоход эртний адууны эрмэл үлдэгдэлд DMRT3 генийн А/А гомозигот аллель илэрсэн тул энэ адууг жороо явдалтай байсан гэж үзсэнээ тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.163.95)