"COVID-19"-ийн шинжилгээ хийх хувийн 21 лаборатори бий
Улсын хэмжээнд өнөөдөр "COVID-19"-ийн халдвар илрүүлэх PCR-ийн шинжилгээ авах 36 лаборатори ажиллаж байгаа. Үүнээс гадна халдвар илрүүлэх, энэ талын шинжилгээ хийх боломжтой хувийн лаборатори 21 байгааг ЭМЯ-наас мэдээлж байна.
Хэдий тийм ч өнөөдрийн байдлаар хувийн лабораториудаас "COVID-19"-ийн халдвар илрүүлэх үйл ажиллагаанд оролцох талаар санал, хүсэлт ирээгүй байна. Нэг ёсондоо халдвар илрүүлэхэд хувийн лабораторийн оролцоо байхгүй байгаа аж. ЭМЯ-наас халдварын нөхцөл байдал тулгамдсан үед лабораторийн нөөц боломж ямар байхыг судалж, шинжилгээний аппарат болон лабораторийн хүрэлцээ, хүчин чадал дутагдсан нөхцөлд хувийн лабораториудыг ашиглана гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн. Энэ талаар яамны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад байгаа аж. Нэг ёсондоо одоо байгаа PCR лабораториуд бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа бөгөөд цаашид дутагдсан нөхцөлд хувийн эмнэлгүүдийн лабораториудыг ашиглахаар төлөвлөжээ.
ДЭМБ-аас "COVID-19"-ийн халдвар олон нийтийн дунд гарсан эсэхийг тогтооход PCR шинжилгээг тогтмол хийхийг зөвлөж байна. Энэ зөвлөмжийн дагуу "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдлыг зөвхөн PCR лабораториор хийсэн шинжилгээнд үндэслэж байгаа юм. Энэ үүднээс "COVID-19"-ийн халдвар бүртгэгдсэн улс орнуудад PCR лабораторийн хүчин чадлыг өргөжүүлэх чиглэл өгөөд байна.
Манай улс дахь PCR-ийн 36 лаборатори нь өдөрт 15-30 мянган сорьц шинжлэх хүчин чадалтай ажиллаж байна. "COVID-19"-ийн халдвар анх илэрсэн энэ оны 3 дугаар сараас хойш ХӨСҮТ-ийн лабораторийн хүин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт PCR-ийн лабораторийг шинээр байгуулсан юм.