Коронавирус илрүүлэх шинжилгээнд БЗД-ийн 55 мянган хүн хамрагдаад байна
Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.
Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын голомт үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос тус дүүрэгт 2020 оны 12 дугаар сарын 21-30-ныг дуустал 70.000-80.000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа юм.
2020 оны 12 дугаар сарын 28-ны 14:00 цагийн байдлаар, өргөтгөсөн шинжилгээнд тус дүүргийн 55.106 хүнийг хамруулаад байна.
Тиймээс тус дүүргийн иргэд коронавируст халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна.