Шанхайд ирэх сараас гялгар уутны хэрэглээг бүрэн хориглоно

 Хятадын Шанхай хотод гялгар уут хэрэглэхийг бүр мөсөн хориглох шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж “Shanghai Daily” сонин мэдээлжээ.

Задралд ордоггүй болон задардаг гялгар уутны аль алиныг нь хориглохоор болсон байна. Ирэх баасан гаргаас эхлэн Шанхай хотын худалдааны төв, супермаркет, эмийн сан, номын дэлгүүр зэрэг худалдааны бүх цэгт гялгар уут санал болгохоо болино. Түүнчлэн хоол хүнс түргэн шуурхай хүргэх үйлчилгээ эрхэлдэг газруудад гялгар уут хэрэглэхийг хориглосон бол нийтийн хоолны газрууд нэг удаагийн хуванцар соруул, аяга, таваг, халбага, сэрээгээр үйлчлэхээ болино. Харин зөвхөн шинэхэн бэлтгэсэн хоол хүнсний баглаа боодолд гялгар уут хэрэглэхийг зөвшөөрчээ. Шанхай хотын олон дэлгүүр шинэ журам хэрэгжиж эхлэхээс өмнө худалдан авагчдын гялгар уутны хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авсан байна.  

Хотын захиргаанаас нэг удаагийн гялгар уутны хэрэглээг хязгаарлах бодлогыг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн боловч 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэхээс өмнө хатуу хориглоогүй бөгөөд дэлгүүрүүдэд цаасан болон бусад материалаар хийсэн дахин ашиглах боломжтой уутнуудыг хүн амд хэвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч байжээ.

Ийм бодлогыг ойрын жилүүдэд бусад салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Шанхай хотын тансаг зэрэглэлийн зочид буудлууд ирэх оны эцэс гэхэд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнээс татгалзах ёстой бол 2023 онд хотын бусад бүх зочид буудалд хэрэгжиж эхэлнэ. Мөн шуудангийн үйлчилгээ болон түргэн шуурхай хүргэлтийн компаниуд задардаггүй гялгар уут, баглаа боодлоос бүрэн татгалзах аж.

Эх сурвалж: ШАНХАЙ. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.22.204)