Дэлхийн хүн амын тал орчим хувь нь шинэ оноо өөдрөгөөр угтаж байна

 2020 он олон хүний ​​хувьд хүнд жил болсон хэдий ч дэлхийн хүн амын тал орчим хувь нь ирэх 2021 оныг өөдрөгөөр харж байна.

Үүнээс гадна, дэлхийн өөдрөг үзлийн индекс сүүлийн гурван жил дэх хамгийн дээд үзүүлэлтэд хүрснийг “Gallup International” байгууллагаас явуулсан "Аз жаргалын индекс" судалгаа харуулжээ. Судалгаанд 41 орны иргэд хамрагдсан байна. Санал асуулгад оролцогчдын 43 хувь нь 2021 оны талаар өөдрөг үзэлтэй байгаа бол 26 хувь нь ирэх онд дорвитой өөрчлөлт гарахгүй гэж хариулжээ. 24 хувь нь маш гутранги үзэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрч, харин 7 хувь нь асуултад хариулж чадаагүй байна.

Нигери, Индонез, Азербайжаны иргэд хамгийн өөдрөг үзэлтэй байна. Удаан хугацаанд анх удаа жилийн өмнө хасах бүсээс гарсан британичуудын өөдрөг сэтгэлгээний үзүүлэлт мөн өсжээ. Өөдрөг үзлээр тэргүүлэгчдийн тоонд мөн АНУ, Финланд, Киргиз, Энэтхэг орсон байна.

Ирж буй оны талаар иргэд нь хамгийн гутранги үзэлтэй орнуудаар уламжлал ёсоор Итали, Хонконг тооцогдож, 2020 онд болгарчууд тэдэнтэй нэгдсэн байна. Гутранги үзэлтнүүдийн тоонд мөн Польш, Чех, Серби, БНСУ, Турк, ОХУ багтжээ.

"Аз жаргалын индекс" дэх ялгаатай байдал нь нэг хүнд ногдох орлогын түвшинтэй ямар ч холбоогүй болохыг судалгаанд тэмдэглэжээ. Судалгаанд оролцсон хөгжилтэй орнуудын иргэд ирээдүйн талаар илүү гутранги эсвэл төвийг сахисан үзэлтэй байсан бол хөгжиж буй орнуудынх эсрэгээрээ удахгүй гарах 2021 оны талаар илүү өөдрөг үзэлтэй байна. “Дэлхийн хэмжээнд индекс өссөн боловч өөдрөг үзлийн түвшингээр улс орнууд ялгаатай байгаа нь харагдаж байна. Хөгжиж буй орнуудын иргэд уламжлал ёсоороо ирэх жил илүү их эерэг зүйлийг авчирна гэж үзэж байгаа бол энэ хавар хатуу хязгаарлалттай тулгарсан Европын олон хөгжингүй орнуудын иргэд өөдрөг байх шалтгааныг олж харахгүй байна” гэж “Gallup International” агентлагийн дэд ерөнхийлөгч Андрей Милехин судалгааны талаар тайлбар өгөхдөө онцолжээ.

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.246.53)