Долоон настай ах нь шатаж байгаа байшин руу орж ой гарантай дүүгээ аварчээ

Долоон настай ах нь шатаж байгаа байшин руу цонхоор орж ой гарантай охин дүүгээ аварчээ. Энэ явдал АНУ-ын Теннеси мужийн Нью-Тейзвелл хотод оршин суудаг Дэвидсоны гэр бүлд тохиолдсон байна.

Крис, Николь Дэвидсон нар гурван хүүхдээ хооллоод үдшийн 20:30 цагт оронд нь оруулжээ. Гэвч хэдэн цагийн дараа Николь Дэвидсон утаа үнэртээд байхаар нь сэрээд хартал байшин нь шатаж байсан аж.

Крис, Николь хоёр долоон настай хүү Илай болон хоёр настай хүү Элия нарыг гаргаж чадсан ч охин Эриний өрөө галд автсан байв.  Ой 10 сартай Эрин Дэвидсон охин өрөөндөө гацжээ.

Ой 10 сартай Эрин охин өрөөндөө гацжээ

Крис Дэвидсон "Гал маналзаад, утаа ихтэй байсан болохоор Эриний өрөө рүү орох ямар ч боломжгүй байсан. Бид гадаа гараад охиноо цонхоор гаргаж авахаар шийдсэн. Гэтэл би охиндоо хүрч чадахгүй байлаа. Тиймээс Илайг цонхоор оруулсан юм. Илай дүүгээ орноос нь тэвэрч аваад гарсан" гэжээ.  Тэрбээр "Илайгаар бид маш их бахархаж байна. Тэр насанд хүрсэн эрэгтэй хүн ч хийж чадахааргүй том гавьяа байгуулсан" хэмээн ярьсан байна. 

Харин Илай хүү "Эхлээд би чадахгүй байх гэж бодсон. Гэхдээ дараа нь аавдаа "Би дүүгээ авчихлаа" гэж хэлсэн" гээд "Би маш их айж байсан ч дүүгээ үхүүлэхийг хүсээгүй" гэжээ.

Дэвидсоны гэрт гал сөнөөгчид ирсэн ч байшин бүхэлдээ галд автсан байв. Нью-Тейзвелл хотын гал сөнөөх албаны дарга Жош Миракл "Байшин юу ч үгүй шатсан" хэмээн CNN агентлагт ярьсан байна. 

Крис, Николь хоёр Эрин, Элиа хоёрыг өргөж авсан бол Илайг албан ёсоор хараахан өргөж аваагүй асран хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг юм байна.

Тэд цар тахлын улмаас ажилгүй болж, Николь өвөөгөө алдаж, мөн галаас болж орох оронгүй болцгоожээ. Тиймээс GoFundMe сайтаар дамжуулан хүмүүсээс дэмжлэг хүссэн байна. /Одоогоор хандивын мөнгө 325,8 мянган доллар болоод байна/

"Бид байгаа бүхнээ алдлаа. Гурван машин маань ч шатсан. Солих дотуур өмдгүй болтлоо юу ч үгүй үлдсэн" гэжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.149.158)