Гэр бүлийн хүрээнд халдвар тархах нь дэлхийн жишгээс хоёр дахин их байна
Дэлхийн жишгээр коронавирусний халдвартай нэг хүн гэр бүлийн 1-2 хүнийг халдварлуулдаг бол манай улсын хувьд гэр бүлийн 3-4, зарим тохиолдолд 4-8 хүнд халдвар тарааж байна.
Энэ нь манай ард түмний амьдралын онцлог, зан үйл, хэв маягтай холбоотойг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын үеэр онцлоод, халдварын эрсдэлтэй энэ үед айл хэсэхгүй, гэртээ зочин урихгүй, амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барихыг анхааруулав.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан болон “Тэнүүн огоо” автобаазын жолооч халдвар яаж авсныг тогтоосон уу?
А.Амбасэлмаа: “Тэнүүн огоо” автобус баазын жолооч гэр бүлийн хүнээсээ коронавирусний халдвар авсан. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сахиур хийсэн хүн халдвар аваад, гэрт нь ирж очсон ахан дүүс юм. Ойр харилцсан 13 хүний шинжилгээнд одоогоор халдвар илрээгүй. Жолооч хамгийн сүүлд, энэ сарын 24-нд ажилдаа очсон. Ойр харилцсан 10 гаруй хүнийг тусгаарлаж, 90 гаруй хүнд шинжилгээ хий байна. Чингэлтэй, Зунжин чиглэлд явдаг автобусны жолооч учир энэ сарын 20-24-нд дээрх чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ажилтан мөн гэр бүлийн хүнээсээ халдвар авч, 21-нд ойрын харилцагч гээд тусгаарлагдаад өчигдөр батлагдсан. Ойр харилцсан 13 хүнийг тусгаарлаж, 74 хүнийг шинжилгээнд хамруулж, өргөжүүлсэн байдлаар цагдаагийн хэлтсийн 200 хүнээс шинжилгээ авч байна.
-Нийт 4 эмнэлэгт халдвар гараад байгаа. Бусад эмнэлэгт нөхцөл байдал ямар байна вэ?
Д.Нарангэрэл: Одоогоор 4 эмнэлэгт халдварын голомт идэвхтэй байгаа, 60 байгууллагын эрүүл мэндийн эмч, ажилтан өвдсөн. Өрхийн эмнэлэгт халдвар гараагүй. Дам харилцагч өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдол бий. Тухай бүрт нь ариутгаж халдваргүйжүүлсэн.
-Өнөөдөр батлагдсан 38 тохиолдлоос ХСҮТ-ийн 2 эмчээс халдвар илэрсэн тухайд дэлгэрэнгүй мэдээлнэ үү?
А.Амбасэлмаа: ХСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаас 2 тохиолдол бүртгэгдсэний гэр бүлийн 3 хүн, хамт ажилладаг 2 хүнээс халдвар илэрсэн. ХСҮТ-ийн 134 хүнийг 2 дахь давтан шинжилгээнд хамрууллаа. Ойр харилцсан хүмүүсийг 14 хоногт 3-4 удаа давтан шинжилж байгаа. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан дэгдэлтийн идэвхжил маш өндөр. Өвчтэй, сэжигтэй хүнтэй ойр харилцсанаас хойш 5-7 хоногт халдвар илэрч байна. Цар тахлын үед голомтот халдвар гарах үед эрүүл хүн амын дунд тандалт шинжилгээг томоохон худалдаа үйлчилгээний цэг, томуугаар өвчилсөн болон өвчлөх эрсдэлтэй хүмүүст, нийт хүн амын дунд түүврийн аргаар шинжилгээ хийж байгаа.
-Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт халдвар голомтлон тархсан. Тус дүүрэгт тандалт судалгаа хэр хийж байна вэ?
Д.Нарангэрэл: Баянзүрх дүүрэг халдварын өндөр идэвхтэй голомт. Зарим тохиолдолд шинжилгээ 12 дахь хоногтоо ч илэрч байна. Эхний шинжилгээгээр илрэхгүй тохиолдол нэлээд бий. PCR шинжилгээ нэг удаа "сөрөг" гарсан нь эрүүл гэсэн баталгаа биш харих замдаа ч халдвар авах эрсдэлтэй.
Манай орны хувьд, гэр бүлийн хүрээнд халдвар тархах нь дэлхийн жишгээс өндөр байна. Дэлхийн жишиг нэг хүн гэр бүлийн хүрээнд 1-2 хүнд халдварлуулж байгаа бол манай ард түмний амьдралын онцлог, зан үйл, хэв маягаас хамаараад 3-4, зарим тохиолдолд 4-8 хүнд халдааж байна. Ийм гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байж, өөрийгөө тусгаарлан, зай барих, амны хаалт, ариун цэвэр сахиж байж хохирол багатай давна.