PCR шинжилгээний хөлдсөн оношлуурыг мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байна
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа тус яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хятадаас тээвэрлэж оруулж ирсэн PCR шинжилгээний оношлуур хөлдсөн талаар тайлбар өгнө үү?
-Д.Нарангэрэл: БНХАУ-аас оруулж ирж буй коронавируст халдварын лабораторийн шинжилгээний шингэн хөлдсөн гэх мэдээлэл бий. Үүнийг Улсын мэргэжлийн хяналтын газар хариуцан шалгаж байгаа. Үүнийг тухайн нэг компани оруулж ирж байгаа. Манай улсад эм, эмнэлгийн хэрэгслийг Эм, эмийн хэрэгслийн хуулийн дагуу хувийн компаниуд оруулж ирдэг. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх аа.
-Иргэдийг 14 хоногоос дээш хугацаанд тусгаарлаж буй тухай мэдээлэл байна. Тухайлбал, "Амар" зочид буудалд буй иргэдийг хэд хоног тусгаарлаад гаргаж байгаа вэ?
-А.Амбасэлмаа: Халдварын тохиолдол бүртгэгдсэн өдрөөс 14 хоног ажиглан тусгаарлаж байгаа. Ингэхдээ нэг нэгээр нь, гэр бүлийн хүмүүсийг бол хамтад нь тусгаарладаг. Ажиглан тусгаарлана гэдэг нь энэ хугацаанд эрүүл мэндийг нь хянана, шинжилгээ авна. Энэ хугацаанд шинжилгээгээр коронавирусний халдвар батлагдвал гэр бүлээрээ байсан тухайн хүмүүсийг халдвар гарснаас хойш дахин 14 хоног тусгаарлан ажигладаг. Тиймээс халдвар судлалын зохих зааврын дагуу хийж байгаа. Халдварын эрсдэлийг цааш тараахгүйн тулд халдварт өвчин гарсан хүнтэй хамт байсан бол тухайн хугацаанаас цааш 14 хоног тусгаарлаж байгаа гэсэн үг.
-Коронавируст халдвартай нэг иргэн нас барсныг ДЭМБ статистик мэдээлэлдээ оруулсан. Сүүлд нэг иргэн нас барсан. Хавсарсан өвчтэй, коронавируст халдвартай хүн нас барахад цогцсыг яах вэ?
-Д.Нарангэрэл: “COVID-19” болон бусад хавсарсан оноштой хүмүүсийг оршуулах Эрүүл мэндийн сайдын заавар байгаа. Үүний дагуу оршуулгын ажлыг гүйцэтгэж байна.