СӨХ-ны үйлчилгээний хөлсийг сар бүр төлөхийг анхаарууллаа
Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд 12 сууц өмчлөгчдийн холбоо\СӨХ\ үйл ажиллагаа явуулж байна. Орон сууцны оршин суугчид СӨХ-ны үйлчилгээний хөлс сар бүр 10-15 мянган төгрөг төлөх учиртай аж.
Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор айл өрхийн дулаан, эрчим хүч, цэвэр бохир ус болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төрөөс хариуцах шийдвэр гарган, хэрэгжүүлж буй.
Хог хаягдлын үйлчилгээний хураамж нь “Хог хаягдлын тухай хууль”-иар зохицуулагддаг. Мөн сумын ИТХ-ын шийдвэрээр тогтоодог татвар бөгөөд Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын тухайд айл өрх, иргэнээс хураамж авч эхлээгүй байгаа аж. Улмаар 2021 оноос эхлэн орон сууцны айл өрхөөс тус хураамжийг авахаар тооцож байна.
Харин СӨХ-ноос авч буй мөнгө нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-иар зохицуулагддаг. СӨХ-ноос үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авч байгаа үйлчилгээний хөлс юм.
Иймээс орон сууцны айл өрхийн СӨХ-ны үйлчилгээний хөлсийг Засгийн газраас хариуцан төлөхгүй. Тэгэхээр иргэд СӨХ-ны үйлчилгээний хөлс буюу зохих хураамжийг сар бүр төлж байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.