Үнэрээр тав тух цогцлооё
Нимбэг, жүрж, гоо жүржийн үнэр баярын уур амьсгал авчирдаг бөгөөд сэтгэл санаа сэргээдэг
Тансаг үнэр хүнд сэтгэлийн таашаал өгдөг бол тааламжгүй үнэр бухимдал төрүүлж, эвгүй сэтгэгдэл үлдээдэг. Ажил ихтэй урт өдрийн орой гэртээ ороход сүрчиг, жимсний үнэр хамар цоргиж, цэмцгэр тухтай орчин угтах хэчнээн сайхан. Мөн хаалганы гаднаас хоолны үнэр сэнгэнэхэд л ходоод ажиллаж, хооллох хүсэл төрдөг шүү дээ. Шинэхэн талх, кофены үнэр ч мөн тайвшруулж, алжаал тайлахад дэм болдог. Харин гэрээс муудсан хүнс, чийг, агааржуулагчийн онцгүй үнэр ханхалж угтахад тэр орой тухтай сайхан өнгөрөх нь юу л бол. Таагүй үнэр маш богино хугацаанд гэрт шингэдэг. Хогоо асгахгүй гурваас дээш цаг байлгах, бохир хувцсаа шүүгээндээ цэвэрлэхгүй хадгалах, муудсан хүнсээ тогтмол устгахгүй байх, хөшиг, хивсээ угаалгад өгөхгүй удах зэрэг маш олон шалтгааны улмаас онцгүй үнэр таны мэдрэмжийг дарангуйлдаг. Тиймээс жилийн аль ч улиралд, өдрийн аль ч цагт гэрээ сайхан үнэртэй байлгах нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүлдүүлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тохилог, тухтай байхад чухал нөлөөтэй юм.
Нимбэг, жүрж, гоо жүржийн үнэр бактерийн эсрэг
Нимбэг, жүрж, гоо жүржийн үнэр баярын уур амьсгал авчирдаг бөгөөд сэтгэл санаа сэргээдэг. Мөн хүний бие организмд маш сайнаар нөлөөлдөг төдийгүй жүржийн төрлийн эфирийн тос нян бактерийн эсрэг үйлчилгээтэй. Тиймээс хүүхдийн өрөөндөө исгэлэн жимсний үнэртүүлэгч хэрэглэх нь зохимжтой.
Лаа хиншүүний үнэрийг арилгадаг
Шарсан, хуурсан хоол хийсний дараа гэрээс хиншүүний үнэр гардаггүй, хувцас хэрэглэлд шингэчихдэг шүү дээ. Харин лаа асааснаар түлэнхийний үнэрийг өөртөө шингээдэг байна. Мөн үнэр ялгаруулдаг лаа нь тааламжгүй үнэрийг тансаг болгох шидтэй аж.
Лаванда цэцэг тайвшруулах үйлчилгээтэй
Лаванда цэцэг тайвшруулах үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Тус цэцгийн үнэр гүн хямрал стресстэй тэмцэж, амрахад тус болдог. Түүнчлэн тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, анхаарал нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Лаванда цэцгийн тосыг цэвэр алчуурт бага зэрэг шингээж, дэрэн доороо тавихад л хангалттай.
Кофены үнэр стресс тайлдаг
Герман болон Японы судлаачид кофены үнэр стрессийн хам шинжийг багасгадгийг нотолсон байна. Түүнчлэн зөвхөн кофе уухад бус үнэрлэхэд ч тархины үйл ажиллагаа идэвхждэг байна. Тиймээс ажлын өрөөндөө кофены үр, үнэртүүлэгч байрлуулах нь тохиромжтой юм. Харин зочны өрөөндөө агааржуулагч, үнэртүүлэгч байрлуулахаас илүү амьд цэцэг тарих нь зохимжтой. Учир нь цэцэг агаар цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдаг төдийгүй гэрийг тохилог харагдуулдаг онцлогтой.