Ленинград хотыг чөлөөлсний 75 жилийн ой тохиолоо
Дэлхийн II дайны үед ЗХУ-ын Ленинград хотыг нацист германы бүслэлтээс чөлөөлсний 75 жилийн ой өчигдөр тохиолоо. Уг бүслэлтийн улмаас хэдэн зуун мянган энгийн иргэн амиа алдсан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин одоогийн Санкт-Петербург /Ленинград/ хотод болсон тэмдэглэлт арга хэмжээнд биечлэн оролцсон хэдий ч нэгдүгээр сарын 27-нд тус хотын төв талбайд болсон цэргийн парадад оролцоогүй ажээ.
Ленинград хот 1941 оны есдүгээр сарын 8-наас 1943 оны нэгдүгээр сарын 27-н хүртэл 872 хоног бүслэлтэд байсан юм. Энэ хугацаанд 1.2 сая орчим энгийн иргэн амь үрэгдсэний дийлэнх нь өлсгөлөн эсвэл өвчний улмаас нас баржээ. Хэдийгээр янз бүрийн тооцоо байдаг хэдий ч ЗХУ дэлхийн II дайны туршид нийт 27 сая хүнээ алдсан гэдэгт ихэнх мэргэжилтнүүд санал нийлдэг аж.
Санкт-Петербург хот бүслэлтэд байх үеэр амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлж нэг минут чимээгүй байсны дараа цэргийн парадыг эхлүүлсэн байна. Өрнөд цэргийн тойргийн командлагч, хурандаа генерал Александр Журавлев нээлтийн үеэр, “дайнаас эргэж ирээгүй болон шарх, өвчний улмаас амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд оросууд мэхийн ёсолж байна. Тэдгээр аав, өвөө нарыг ОХУ-ын Зэвсэгт хүчин үргэлж санан дурсах болно” гэж хэлжээ.
Цэргийн парадад орчин үеийн болон тухайн үеийн цэргийн хувцсаар жигдэрсэн 2500 гаруй цэрэг, академийн сонсогч оролцсон байна. Мөн нацист Германыг ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн “Т-34” танк, зэрэг галладаг пуужингийн систем, явган цэргийн хуягт машин гэх мэт 80 орчим цэргийн техникийг парадад оролцуулжээ.