Токиогийн Олимпыг цуцалж, хойшлуулахыг япончуудын 80 орчим хувь нь дэмжиж байна

Японы нийслэл Токио хотод энэ зун болох Олимп, Паралимпын наадмыг цуцалж, хойшлуулахыг япончуудын 80 орчим хувь нь дэмжиж байгааг “Kyodo” агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Японд халдварын тохиолдлын тоо дахин олноор нэмэгдэх болсонтой холбоотойгоор эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа үед энэхүү санал асуулгыг өнгөрсөн амралтын өдрүүдээр явуулсан байна.

Санал асуулгад оролцогчдын 35.3 хувь нь Токиогийн Олимпыг цуцлах хэрэгтэй гэж үзсэн бол 44.8 хувь нь дахин хойшлуулах хэрэгтэй гэж хариулжээ.

Энэхүү наадмыг коронавирусний цар тахлын улмаас өнгөрсөн онд нэг жилээр хойшлуулсан билээ.

Үүнээс гадна Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн Засгийн газрын дэмжигчдийн түвшин 41.3 хувьд хүрсэн нь өнгөрсөн 12 дугаар сард явуулсан санал асуулгын дүнгээс 9 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Энэ удаагийн санал асуулгын дүнгээс үзэхэд иргэдийн 68.3 хувь нь Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн бол 24.9 хувь нь сайшаасан байна.

Мөн санал асуулгад оролцогчдын 39.8 хувь нь онцгой байдлыг ирэх хоёрдугаар сарын 7 хүртэл тогтоосныг “зохистой” гэж үзсэн бол 46.6 хувь нь “хэтэрхий урт байна” гэж хариулжээ.

Токиогийн бүсэд онцгой байдал тогтоосноор кафе, зоогийн газрууд ажиллах цагаа багасгах шаардлагатай болсон юм. Засгийн газар уг дүрмийг мөрдөөгүй үйлчилгээний газруудад хариуцлага тооцох тухай баримт бичгийг удахгүй танилцуулах ажээ.

Харин иргэдийн 48.7 хувь нь аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох шийдвэрийг эсэргүүцсэн бол 42.7 хувь нь дэмжсэн байна. Санал асуулга санамсаргүй байдлаар сонгосон, санал өгөх эрхтэй сонгогчид бүхий 715 өрхийг хамарчээ.

Эх сурвалж:ТОКИО. /Kyodo/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.167.11)