Бээжин такси үйлчилгээний дүрэм журмаа чангатгажээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод унаа дуудах үйлчилгээний жолооч “COVID-19” халдварыг шинж тэмдэггүйгээр тээж байсантай холбогдуулан такси, унаа дуудах үйлчилгээний дүрэм журмыг чангатгажээ.
Саяхан “COVID-19” халдварын олон тохиолдол бүртгэгдсэн Шуньи дүүрэгт амьдардаг жолооч 144 зорчигчийг тээвэрлэсэн байсан бөгөөд тэдэнд бүгдэд нь мэдэгдэл хүргүүлсэн гэж уг дүүргийн орлогч дарга Жи Шяньвэй мэдээлсэн байна.
Бээжин ийм тохиолдол илэрсэнтэй холбогдуулан таксины үйлчлүүлэгч, унаа дуудах үйлчилгээний хэрэглэгчдэд биеийн байдлаа гар утасны хавсралтаар дамжуулан бүртгүүлэх шаардлага тавьж эхэлжээ. Хэрэв үйлчлүүлэгч мэдээллээ бүртгүүлэхээс татгалзвал жолооч үйлчилгээ үзүүлэхгүй байж болно гэж Бээжингийн Тээврийн хорооноос мэдээлжээ.
Мөн Тээврийн хороо Шуньи дүүрэгт амьдардаг жолооч нарыг такси, унаа дуудах үйлчилгээ үзүүлэхийг түр хугацаагаар хориглосон байна. Үүний зэрэгцээ унаа дуудах үйлчилгээ үзүүлдэг платформууд уг дүүргээс ирэх, очих захиалгыг хүлээн авахаас зайлсхийх шаардлагатай болжээ.
Эх сурвалж:БЭЭЖИН. /Xinhua/