ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “ЦАХИЛГААН ХАНГАМЖ” мэргэжлийн хөтөлбөрүүд Олон улсад болон Европт магадлан итгэмжлэгдлээ
Монголд Улсад анх удаа 2013 онд ХБНГУ-ын Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага (ASIIN) болон Европын холбооны улсуудын инженерийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэх байгууллага (EAR-ACE) ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан инженерийн салбарын “Цахилгаан хангамж” инженерийн мэргэжлийн бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдийг олон улсын болон европын сургалтын чанарын стандарт шаардлагуудыг хангасан тул олон улсад магадлан итгэмжилсэн юм.
Тус магадлан итгэмжлэлийг сунгах зорилгоор ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, нөгөө талаас Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн “ASIIN”, “EUR-ACE” байгууллагууд 2020 оны зургадугаар сараас эхлэн цахимаар цаг тухайд нь тайлангаас гадна шаардлагатай бүхий л нэмэлт ажлуудыг бэлтгэн илгээж эхэлсэн юм. Тус ажлын үр дүнд олон улсын магадлан итгэмжлэлийг 7 жилийн хугацаатай амжилттай сунгасан талаар “ASIIN”, “EUR-ACE” байгууллагаас мэдэгдлээ.
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцагч, төгсөгчид болон хөтөлбөрийн багш нар нь Англи, Герман зэрэг Европын холбооны 27 улсаас гадна Турк, Албани, Косова, Серби, Монтенегро зэрэг 11 улсын ижил төрлийн их сургуульд суралцсанаар дүйцэгдэж байгаа тул тухайн улс оронд мэргэжлийн дагуу ажиллах, ур чадвараа дээшлүүлэх, ахисан түвшинд дэвшин суралцах, судалгааны ажил хийх зэрэг боломжууд нээгдэж байна.
Энэ удаагийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа “КОВИД-19” цар тахлын үеийн хөл хорионы улмаас өнгөрсөн наймдугаар сард Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагын (ASIIN) Аудитын шинжээчдийн багийн ажиллагаа цахимаар явагдсан нь санхүү, эдийн засгийн хувьд хэмнэлт гаргасан төдийгүй цаг хугацааг оновчтой ашиглаж идэвхтэй, амжилттай явуулсан давуу талуудтай байлаа.
Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага (ASIIN) болон Европын холбооны улсуудын инженерийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэх (EAR-ACE) байгууллагууд нь зөвхөн Европын төдийгүй Ази, Африк, Америк тивийн их сургуулиудын дээд боловсролын зэрэг олгох сургалтын 2000 гаруй хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэл хийсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.
Энэхүү “Цахилгаан хангамж” инженерийн мэргэжлийн бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдийг амжилттай магадлан итгэмжлүүлсэн ЭХС-ийн Цахилгаан Инженерийн Салбарын хамт олон болон бусад хамтран ажилласан бүх эрдэмтэн багш нар, оюутнууд, төгсөгчид, ажил олгогч нартaa баяр хүргэж ажил, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин.