Ираны хэд хэдэн хотод цахилгаан тасарсанд “Bitcoin”-ийг буруутгав

Ираны нийслэл болон томоохон хотуудад сүүлийн хэдэн долоо хоногт хэт их ачаалал үүссэний улмаас эрчим хүч доголдсон байна. Тус улсын эрх баригчид үүнд “Bitcoin” криптовалютыг буруутгажээ.

Ираны Засгийн газар “Bitcoin” олборлох төвүүдийн эсрэг томоохон кампанит ажил эхлүүлсэн байна. Криптовалют олборлодог тусгай компьютеруудыг асаах, хөргөхөд асар их цахилгаан шаардагддаг ажээ. Эрх баригчид үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөлтэй төвүүдийг оролцуулан анх удаа улс даяар ийм 1600 төвийг хаасан байна.

Цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх хэлэлцээрээс АНУ дангаар гарч, дахин хориг арга хэмжээ авсны дараа Иранд криптовалютын гүйлгээ огцом нэмэгдсэн байна. Тус улсын иргэд, компаниуд эдийн засгийг нь чиглэсэн банкны хоригийг тойрч гарахын тулд криптовалютаар хийгддэг онлайн гүйлгээг ихээр ашиглах болжээ.

Эх сурвалж:ТЕХРАН. /AP/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.239.157)