Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг сонгоогүй байна
Нийслэлд аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг барих газрын байршил тодорхойгүй байна. Хэд хэдэн газрыг сонгосон ч газарзүйн онцлог болон бусад хүчин зүйлээс шалтгаалан цуцлаад байна.УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд мянга шахам иргэнээс аюултай хог хаягдал хадгалах зориулалтын байгууламжийг нийслэл орчим барих, нийлэг уутыг ахуйн зориулалтаар хэрэглэхийг хязгаарлах талаар хүсэлт ирүүлж, дараа нь Засгийн газраас ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн нийлэг уутыг дэлгүүр үйлчилгээний газраас аваад ахуйн зориулалтаар хэрэглэж ашиглахыг хязгаарлан хориглохоор шийдвэрлэсэн. Гэвч удахгүй хэрэггүй болох нийлэг уутаа хаана хаях болон бусад аюултай, хог хаягдлыг хадгалах байгууламжийг хаана барих газрыг асуудлыг шийдээгүй байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэхдээ, “Ахуйн зориулалтаар ашиглаж, олон улсын ангиллын дагуу ялгах ёстой аюултай хорт бодис бүхий хогийг зориулалтын дагуу үлдэгдэлгүй устгах, улсын тусгай хамгаалалт бүхий хог хаягдлыг хадгалах байгууламж барих талаар манай байнгын хорооноос 05 тоот тогтоол гаргаж хэрэгжүүлэхээр газар дээр нь ажилласан. Тогтоолд дээрх байгууламж бүхий газрыг зориулалтаар сонгон тэр газраа улсын тусгай хэрэгцээнд авах талаар зааж НИТХ болон нийслэлийн холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн. Гэвч зааж өгсөн болон сонгосон газрууд нь болохгүй байна, зөвшөөрөхгүй байна гэдгээр УИХ-ын тогтоолыг одоогоор хэрэгжүүлээгүй байна” гэв.
Нийслэлээс Аюултай хог хаягдлыг хадгалах газраар Цагаан давааны хогийн цэг, Багануур, Налайх, Багахангай болон Төв аймгийн тодорхой хэсэг газар нутаг гэсэн таван байршлыг сонгосон боловч эдгээр газар нь Аюултай хог хаягдлыг хадгалах боломжгүй байна хэмээн НИТХ үзэж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Н.Нямдаваахэлэхдээ, “Сонгосон газруудыг нэгд, суурьшлын бүс болон ундны усны эх үүсвэрт ойр, салхины дээр байрласан байна гэдэг үндэслэлээр байршлыг дахин сонгохоор хойшлуулаад байгаа” гэв.
Жишээ нь, Төв аймаг дахь газар нь аймгийн ИТХ-ын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан бэлчээрийн газар таарчээ. Налайхад сонгосон газар нь иргэдийн суурьшлын бүстэй ойр байна, Багануур дахь газар нь нүүрсний илэрцтэй гэдгээр тус тус болиулжээ. Ингээд БОАЖЯ-наас ирүүлсэн саналаар Цагаан давааны хогийн цэгийг хамгийн боломжтой газар болж байгаа. Гэвч тэр газар нь салхины дээр байрладаг гэдэг үндэслэлээр дахин судалж үзэхээр болж байна.Аюултай хог хаягдал гэдэг нь тэсрэмтгий болон шатамхай, урвалын идэвхтэй, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулан хүн, мал, амьтан, байгаль орчинд удаан хугацаанд нөлөөлдөг хог хаягдлыг хэлдэг байна.
Жишээ нь, энд бидний мэдэхээр автомашины аккумлятор, төрөл бүрийн баттерей, хаягдсан хуучин дугуй, эмнэлгийн болон үйлдвэрийн хаягдал зэрэг ордог. Ирэх гуравдугаар сараас хязгаарлан хориглох нийлэг уут нь аюултай хог хаягдалд ордог, химийн нийлүүлэгчийн аргаар үйлдвэрлэсэн, дахин боловсруулах боломжгүй, байгальд удаан задардаг бүтээгдэхүүн юм.