Зураач Дэнзэн Барсболд: Монголчууд ковид тусдаггүй гэцгээж байлаа

Эрх чөлөө радио станцаас дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хэрхэн ажиллаж байгаа талаар уран бүтээлчдээс асууж сонирхжээ.

Уран зураач Дэнзэн Барсболд (Бээжин, Улаанбаатар).

-Би Монголд өнгөрсөн жилийн зун сайхан амарсан. Гадаад явж чадахгүй ч дотооддоо гол мөрөн, нуураар аялаж, загасчилсан. Манай нэг найз онгоцтой. Бид Баруун Монголд очиж, загасчлан, шорлог хийж амарлаа. Хятадын эрдэмтэд тэр үед яагаад Монголд хүмүүс коронвирусээр өвдөхгүй байна гэж гайхаж байсан юм. Манай үндэсний үзэлтнүүд бид онцгой цустай болохоор тэр гэж ярьж байлаа. Хятадын эрдэмтэд монголчууд мах их иддэг, тостой хоол, сүү, кальц их хэрэглэдэг болохоор байх гэж таамаглаж байсан ч яг эрдэм шинжилгээний судалгаа хийсэн зүйл байгаагүй.

Хамгийн сонирхолтой нь гуравдугаар сарын эхээр Монголд халдварын анхны тохиолдол гарсан нь Францын иргэн байлаа. Тэр олон улсын том компанид ажилладаг, Францаас нисэж ирсэн хүн байв. Хөөрхий халдвартайгаа мэдээгүй л ирсэн хэрэг. Монголд ирээд тэр мэдээж монгол найзуудтайгаа хэд хоног зугаа цэнгээний газраар явсан. Шинжилгээний хариу нь эерэг гарсны дараа түүний хавьтагч гэж 450 орчим хүнийг шалгасан. Тэр дунд хоёр биеэ үнэлэгч байлаа. Биеэ үнэлэгчдийг эмнэлэгт хэвтүүлж, 14 хоног шалгалаа. Энэ хооронд Монгол улс тэр чигээрээ тэднийг халдваргүй байгаасай гэж залбирч байлаа. Манайх чөлөөт хэвлэлтэй тул бүх хэвлэл 14 хоногийн турш бүсгүйчүүдийг франц эрээс мөнгө, таашаалаас гадна ковид битгий авсан байгаасай гэж байсан. Тэд эмнэлгээс гараад ямар ч халдвар аваагүй гэдгээ мэдээд уйлж байлаа. Ард түмэн тэдний өмнөөс баярлаж, манай биеэ үнэлэгчид ч тусдаггүй гэцгээж байсан юм.

-Оросын бизнес эрхлэгчид, жуулчид Монголд очдог уу? Хоёр улсын хил дээр юу болж байв?

-Бид ковид Хятадаас орж ирэх байх гэж бодож байсан. Гэтэл халдварын тохиолдлын 95 хувь нь Оросоос байлаа. Хатуу хөл хорио тогтоох болсон гол шалтгаан нь Монгол-Оросын төмөр замын ямар нэг ойн баяраас болсон юм. Оросоос Төмөр замын төлөөлөгчид ирж, архи уун, тэврэлдэн зугаалж, нэг нэгэндээ одон медаль гардуулаад л. Энэ баярын дараа оролцсон хүмүүс өвдөж эхэлсэн. Дараа нь тэдний гэрбүл гээд л тархсан даа. Бүгдийг нь эмнэлэгт тусгаарласан.

-Та уран зураач хүн. Коронавирусний эсрэг дайн таныг айлгаж, санааг чинь зовоож, эсвэл ямар нэг бүтээл туурвих цочроо болж өгч байгаа юу?

-Дундад зууны үед тахал, цар тахал болох үед Европын эмч нар шувууны хошуутай амны хаалт зүүж байсныг санаж байна уу? Тэр хошуундаа янз бүрийн эмийн ургамал хийдэг байсан. Тэд тусгай нүдний шил, малгай өмсөөд л. Яагаад ч юм нэг мэдэхэд би тийм зүйл зурдаг болчихсон байлаа.

-Таныг загас зурах дуртай байсныг би мэднэ. Харин одоо урт хошуутай шувуу зурдаг болсон юм уу?

-Тийм шувуу зураад эхэлчихсэн. Дундад зууны үеийн тэр европ эмч нар Японы эртний үлгэр домгийн каппа гэдэг дүртэй маш адилхан. Каппа гэдэг нь нүүр нь тогорууны урт хошуутай ижилхэн хүн л дээ. Одоо дундад зууны эмч нарыг Японы каппатай хослуулсан зураг зурмаар байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.102)