БОАЖ-ын сайд Н.Уртнасан үүрэгт ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Н.Уртнасан сайд тамгаа гардлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гардуулж шинэ сайдын цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ. Тамга гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан болон БОАЖЯ-ны удирдлагууд оролцлоо.
БОАЖ-ын сайд асан Д.Сарангэрэл: “Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахаар томилогдсон Н.Уртнасан сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Байгаль орчин болон Аялал жуулчлалын салбарын томоохон зорилтуудыг хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллана гэж итгэж байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.
Шинээр томилогдсон Н.Уртнасан сайд цаашид эх орныхоо унаган байгаль, ховор амьтдыг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхааран ажиллахаа онцоллоо.
БОАЖ-ын сайд Н.Уртнасангийн намтар:
- 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
- 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн.
- 2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага,
- 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт,
- 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан.
Ажилласан байдал:
- 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,
- 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,
- 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал
- 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,
- 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирал
- 2014 оноос “Сайн сэтгүүлч боловсрол” сангийн Үүсгэн байгуулагч, сангийн Тэргүүн,
- 2019 оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.