Нийслэлд коронавируст халдварын 13 том голомт идэвхжилтэй байна
Нийслэлд коронавируст халдварын 13 том голомт идэвхтэй үргэлжилж байгааг ЭМЯ-ны 11 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш нийт 28 голомт үүссэн байгаагийн 9-ийнх нь хүрээ нь хумигдаж, 7 голомтод ганц нэгээр илэрч байгаа юм. Харин энэ сарын 25-наас хойш 13 том голомт идэвхтэй байна.
Тодруулбал, Тохижилт үйлчилгээний компанийн 20 хүн, “X апартмент” хотхоны голомтод 11 хүн, “Жиби” тауэрт байрладаг ББСБ-ын голомтоос 24 тохиолдол, гутлын цехтэй холбоотой голомтод 10 хүн, БЗД-ийн 5 дугаар хороо, БГД-ийн 10 дугаар хорооны голомтод нийт 40 гаруй тохиолдол, “Микс” пиццаны газарт 15 тохиолдол бүртгэгдээд байна.
Хүүхдийн асрамжийн газрын халдварын голомт идэвхжиж байгаа бөгөөд одоогоор 3 багш, 2 хүүхэд өвдөж, 6 хүүхдийг ажиглан тусгаарлажээ.
“Энэ мэт голомтын хүрээ тэлж идэвхжиж байгаа тул ард иргэдийн дунд шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвдөөд, халдвар тээсэн хүмүүс явах эрсдэл үүссэн. Халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, голомтын хүрээ цар хүрээ нэмэгдсээр байгаа энэ үед хүн хоорондын зай барьж, амны хаалт байнга зүүж, олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дахин анхааруулав.