Засаг дарга Д.Сумьяабазар дүүргүүдийн удирдлагатай уулзав

Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар өчигдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар гурван дүүргийн Засаг дарга 2021-2024 онд мөн энэ онд хэрэгжүүлэх онцлох ажил, хүрэх үр дүнгийн талаар танилцуулав. 

Энэ үеэр Засаг дарга Д.Сумьяабазар "Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг  УИХ-аар удахгүй хэлэлцэн батлуулна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийн хүрээнд нийслэл хот төсөв санхүүгийн гарцаа тэлж, бие даасан чадамжтай болох давуу талтай. Мөн 2022 оны нэгдүгээр сараас концессоор буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжлийн том төслүүдийг нийслэлд хэрэгжүүлэх эрх зүйн боломж нээгдэнэ" гэдгийг онцоллоо.

Тиймээс нийслэл, дүүргийн удирдлагууд харилцан уялдаа холбоотой ажиллан, хөгжлийн томоохон төслүүдээ төлөвлөхийг үүрэг болгосон юм. 

Ингэхдээ "Хот бол бизнес, эдийн засгийн төв байх ёстой. Иймд төлөвлөлтөд онцгой анхаарч, замбараагүй, төлөвлөлтгүй, стандартгүй байдал Улаанбаатарт байх ёсгүй” гэдгийг сануулаад, нийслэлийн захиргааны байгууллагын албан хаагчид бүх түвшинд ёс зүйтэй байж, албан үүрэгтээ хариуцлагатай хандахыг анхааруулав.

Дүүргүүдийн хөгжлийг зөвхөн өөрсдийнх нь нөөц бололцоонд тулгуурлалгүй нийслэлээс онцгой анхаарч, дэмжихээ тэрбээр хэллээ.

Засаг дарга Д.Сумьяабазар Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн удирдлагатай үргэлжлүүлэн уулзах юм.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.8.68)