Таны амьдралд аз жаргал авчирах дадлууд
Бид зөвхөн нэг л амьдрана. Гэтэл энэ ганц амьдрах хугацаандаа стрессээр дүүрэн амьдрах гэж үү? Бид л хүсэх юм бол аз харгалтай байж болно шүү дээ. Яагаад гэвэл аз жаргал гэдэг нь өөрөө ирдэг зүйл биш бидний сонголт юм. Та аз жаргалыг сонгохыг хүсэж байна уу? Өдөр бүр инээж угтан, өнгөрүүлсэн өдөртөө сэтгэл хангалуун орондоо орохыг хүсэж байна уу? Тэгвэл та өөрийн амьдралыг өөрчлөх дадлуудыг хэвшүүлэх хэрэгтэй. Тэдгээр дадлуудыг цуврал болгон хүргэх ба энэ удаагийн нийтлэлээс хэрэгжүүлэхийг хүсэж байгаа дадлаа хэрэгжүүлээд таны амьдралд хэр зэрэг өөрчлөлт гарахыг бусадтайгаа хуваалцаарай…
Зөвхөн өөрийн гэсэн сэтгэлээ сэргээх аргатай болох
Амьдрал гэдэг үргэлж аз жаргалтай гэгээлэг байсан бол сайхан ч сэтгэл гутрах үе бас байдаг л биздээ. Тийм учраас өөрийн гэсэн стрессээ тайлах аргатай байх нь таныг өдөр бүр инээн өнгөрүүлэхэд туслах болно. Миний нууц арга гэвэл нэг аяга сайхан кофе уугаад бүх зүйлийг мартаад дахин шинээр эхлэх, ганцаараа чимээгүй газар суугаад гоё дуу сонсонгоо бодлоо цэгцлэх эсвэл хэд сайхан гүнзгий амьсгалаад бүх зүйлийг мартан зураг зурах мөн гадуур алхангаа аз жаргалтай өнгөрөх хүмүүсийг ажиглах зэрэг аргууд байна. Хэрвээ танд өөрийн гэсэн сэтгэлээ сэргээх арга байхгү бол яг одоо бодоод үзээрэй. Та юу хийх үедээ бүх зүйлсээ мартан, цаг өнгөрч байгааг ч мэдэхгүй эрч хүчээр дүүрдэг вэ гэдгээ.
Сайхан дурсамжаа бичиж хадгалах
Хүн бүрт л сайхан дурсамжууд байдаг шүү дээ. Гэхдээ энд дурьдагдаж буй сайхан дурсамж гэдэгт найзаасаа сонссон магтаал, сайхан энергитэй хүнтэй өнгөрүүлсэн мөчүүд, эрч хүчээр дүүрэн сэрсэн өглөө эсвэл бүр нүүр гараа угаасны дараа арьс тольгор болсон мэдрэмж ч орж болно. Энэ мэтийн дурсанжуудаа гахайндаа хийж хадгалаад дараа нь нэг нэгээр нь гаргаж ирж уншаарай. Бидэнд хадгалсан их мөнгө байвал нэг л сэтгэл амар мөн эрсдлээс айх нь бага байдаг шүү дээ түүн шиг сэтгэл санаа хүртэл тэгдэг гэнэ шүү.
Өнгөрснөөсөө ирээдүйнхээ төлөвлөгөөг хайх
Ихэвчлэн бид өөрсдийнхөө юунд дуртай, юу хийхийг хүсэж байгаагаа тодорхой мэдэхгүй үе байдаг шүү дээ. Энэ үед бид яг юу хийхийг хүсэж байна вэ гэдгээ нухацтай боддог. Гэхдээ энэ үед би юу хийхийг хүсэж байгаагаа биш, би аль хэдийн юу хийсэн бэ гэдгээ бодох нь илүү дөхөмтэй байх болов уу. Үнэхээр хийхийг хүссэн зүйлээ бид үүнийг хиймээр байна гэж бодолгүйгээр өөрийн эрхгүй хийчихдэг.
Жишээ нь яаж ч ядарсан гоё зохиолын ном байвал бариад л авдаг, хэдий завгүй байсан ч хоолоо хийгээд л идчихдэг, эсвэл зураг зурах үедээ цаг явж байгааг ч анзаарах сөхөөгүй хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн байдаг. Энэ мэтчилэн та нэг л мэдэхэд хийчхдэг, хийхээрээ хорвоогийн хамаг зүйлийг марттал бүх зүйлээ зориулдаг зүйлс дунд тань таны хийхийг хүсэж байгаа зүйл байх л болно.
Хүслийнхээ жагсаалтыг гаргах
Ирээдүй рүү чиглэсэн хүсэл тэмүүллээ аль болох дэлгэрэнгүйгээр илэрхийлэх нь маш сайн. Мөн тэгэхийг хүсэж байна, тэгмээр байна гэхээс илүүтэйгээр тийм зүйлийг хийх болно, заавал тэрийг хийж дуусгах болно гэсэн үгсийг ашиглах нь танд урам зориг өгөхөд илүү нөлөөгөө үзүүлэх болно. Түүнээс гадна энэ тэмдэглэл нь зөвхөн та өөртөө зориулж бичиж байгаа учраас даруу зан гаргах огт хэрэггүй. Аль болох том зүйл мөрөөд. Жишээлбэл зүгээр турна гэхийн оронд тураад хайртай хүнээ өөрийн болгоно, эсвэл өгүүллэг бичнэ гэж бичихийн оронд хэзээ нэгэн цагт хамгийн олон уншигчтай ном бичих болно гэсэн том мөрөөдөл бичих хэрэгтэй.
Цагаан атаархлаар өөрийгөө хурцлах
Хүн бүхэнд өөрөөс нь хол давсан чадвартай ‘би ч энэ хүнийг гүйцэхгүй юм байна даа’ гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц хүн байдаг шүү дээ. Тэдгээр хүмүүсийг хараад та зөвхөн атаархаад л өнгөрдөг үү? Одооноос тэдгээр хүмүүст зүгээр атаархаад л өнгөрхийнхөө оронд заавал тэр хүн шиг, эсвэл бүр тэр хүнээс илүү гарах болно гэсэн зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлж эхэл. Өөрийнхөө атаархдаг хүнтэй уулзах нь таныг хурцалж өгөх учираас нэг төрлийн аз гэж бодоод өөрийгөө тэр хэмжээнд хүрэхгүй гэж голохын оронд урагшаа зүтгээд үзээрэй.