Мэдээллийн технологийн 500 ажлын байр зарлав

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар (НЗХГ)-аас БНСУ-аас захиалга авч, гүйцэтгэл хийх мэдээллийн технологийн 500 нээлттэй ажлын байр зарлалаа. Энэ талаар НЗХГ-ын дарга С.Сүх-Очир хэлэхдээ “Манай байгууллагын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв” 2017 оноос хойш БНСУ-ын компаниудтай хамтран 100 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 2019 онд мэдээллийн технологийн салбарт гурваас дээш жил ажилласан туршлагатай 500 мэргэжилтэн сонгон шалгаруулж, БНСУ-аас аутсорсинг захиалга авч, гүйцэтгэл хийх өндөр цалинтай ажлын байраар хангах юм” гэв. 

“Мэдээллийн технологийн сургалтын төв” 2017 оноос хойш залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх сургалтыг зохион байгуулж иржээ.

Мөн “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, эксел программын ахисан түвшин зэрэг нарийн мэргэжлийн найман төрлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж байгаа юм байна. Тухайлбал, мэдээллийн технологийг сургалтыг 2018 онд 834 иргэн амжилттай төгссөнөөс 120-ыг нь ажлын байранд зуучилжээ. Мэргэжилтнүүдийг НЗХГ-т болон дараах цахим хаягаар бүртгэх юм байна. 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAt8gZX1Av1zPSck_Aiupyvt_lEIKJz9Menrvde8m2bQ1ucg/viewform 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.86.132)