Олон улсын сур харваачид цэц мэргэнээ сорино
Уламжлалт болон орчин үеийн өвлийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорино.
Өнгөрсөн жил хоёр хөрш орноос сур харвааны тамирчид хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгож Монгол Улсын мастер, дэд мастер цолтнууд олноор төрсөн билээ. Энэ онд мөн БНХАУ, ОХУ-ын мөсөн сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирэх юм.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөсөн сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах зорилгоор Монголын мөсөн сурын холбоо Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран тав дахь жилдээ улсын аваргыг шалгаруулна.
“Улаанбаатарын өвлийн наадам”-д ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаан үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтой аж.