ИРГЭДИЙН АНХААРАЛД: "COVID-19" Вакцин хийлгэсны дараа илэрч болох шинж тэмдгүүд!!!
Дэлхий даяар тархаад буй коронавирусын эсрэг вакциныг дэлхийн улс орнууд, хүн амдаа яаралтай хийж, хүн амаа дархлаажуулж, цар тахлын эрсдлийг эдийн засгийн хохирол багатай даван туулахыг чухалчилж байна. Манай улс ч мөн адил COVID-19 вирусын эсрэг дархлаажуулалтын ажлаа албан ёсоор эхлээд байна.
Тодруулбал, энэ сарын 22-нд БНЭУ-аас манай улсад “АстраЗенека” вакцины 150 мянган тунг хүлээн авч энэ сарын 23-ны өдрөөс эхлэн бүх нийтийн дархлаажуулалтаа албан ёсоор эхлүүлээд байна.
ЭМЯ-ны мэдээлснээр өнөөдрийн байдлаар 3112 эрүүл мэндийн байгууллагын ажилчдад энэхүү вакциныг хийгээд байна. Харин иргэдийн дунд "COVID-19 вирусын эсрэг вакциныг хийлгэнэ, хийлгэхгүй" гэсэн эргэлзээ байгаа учир, ЭМЯ-наас коронавирусын эсрэг вакцин хийлгэсний дараа илэрч болох шинж тэмдгүүдийг нэрлэлээ.
Үүнд:
- Халуурах
- Булчин өвдөх
- Толгой өвдөх
- Чичрүүдэс хүрэх
- Даарах
- Бүх бие, үе мөч өвдөх
- Ядрах
- Хамар битүүрэх
- Тариулсан хэсэгт улайх, хавдах
Мөн вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө мэдээллийг хүргэсэн юм. Энэхүү вакцин нь мөн бусад вакцины нэгэн адил "Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх", "Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх" гэсэн нийтлэг зүйлсийг дагаж мөрдөнө. Мөн анхаарах шаардлагатай зарим зүйлсийг дор дурдав.
- Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
- Халдвар хамгаалалтын дэглэмийг сахих/амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих/,
- Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах,
- Боолт хийх, эм тос түрхэх, хөхний сүү, гялгар уут бусад зүйлээр жин тавихгүй байхыг анхаарах ёстой гэв.
- Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх.