Монгол Улс 2021-2023 онд 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Валютын ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг үргэлжлүүлэн сонслоо.

Уг асуудлыг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-нд хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм. Тухайн үед ЗГХЭГ-ын Г.Занданшатарын танилцуулсан асуулгын хариуд, “Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 онд 6.4 хувьтай байна.

Ажилгүйдлийн түвшин 6.9 хувьд хүрч буурсан. Инфляцийн зорилтот түвшин хадгалагдаж Монгол Улсын зээлжих зэрэглэл өслөө. Ийнхүү эдийн засгийн орчин сайжирсан нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмж, валютын нөөц өсөх, ханш тогтворжих нөхцөлийг бүрдүүлж байна. Засгийн газар, Монголбанк макро эдийн засгийн бодлогыг харилцан уялдаатай хэрэгжүүлсний үр дүнд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн сулралыг бага түвшинд барилаа. Төгрөг ам.долларын эсрэг 2018 эхний 10 сарын байдлаар 5.5 хувиар суларсан бол юанийн эсрэг 6.8 хувиар, рублийн эсрэг 14.4 хувиар тус тус чангарсан. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн өсөлт хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш сулрахад нөлөөлж байгаа. Гэхдээ Монгол Улсын төгрөгийн сулрал нь хамгийн бага үзүүлэлт юм” гэжээ.

Харин өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2636 төгрөг байна. Өнгөрсөн онд Монгол Улсын экспортын хэмжээ 7 тэрбум, худалдааны эргэлт 12.8 тэрбум ам.долларт хүрлээ. Мөн гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 2017 оны төгсгөлд ДНБ-ий 74.4 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд 60.9 хувьд хүрч буурсан. 2019-2020 онд Монгол Улс харьцангуй өрийн дарамтгүй байна” гэсэн юм. Мөн энэ үеэр Б.Баттөмөр гишүүн, “Монгол төр хэт улс төржсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, иргэдэд таалагдахын тулд мөнгө хэвлэж тараадаг. Энэ нь төгрөгийн ханшийг ихээхэн сулруулсан тохиолдол бий. Монгол банк 2012-2016 онд 3 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан. Үүнийгээ хэрхэн нөхөх вэ. Түүнчлэн төгрөгийн ханшийг тогтвортой байлгах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлэх вэ” хэмээн тодрууллаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Засгийн газраас гадаад өрийг бууруулах нь валютын ханшийг бууруулахад нөлөөлдөг. 2021 онд Монгол Улс “Хуралдай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 болон 600 сая ам.долларын өр төлнө. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын өр төлөх юм. Сангийн яамнаас энэхүү өрийн төлөх хугацааг 10 жил болгон сунгахаар төлөвлөж байгаа. Дөрвөн жилийн дотор гадаадад төлөх 2.9 тэрбум ам.долларыг 10 жилд хуваарилснаар валютын ханш өсөхөөс сэргийлэх юм. Мөн гадны хөрөнгө оруулалтыг татах нь чухал нөлөөтэй” гэлээ.

Монголбанк 2017-2018 онд ашигтай ажиллаж 3.4 их наяд төгрөгийн алдагдлаа 1.8 болгож бууруулсан гэдгийг тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дурдав.

Дэлхийн банкнаас Монгол Улсад 2018 онд олгох байсан 120 сая, ЖАЙКА-гаас олгох 284 сая ам.долларын санхүүжилт орж ирээгүй шалтгааныг Б.Чойжилсүрэн гишүүн дурдаад, “Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд донор орнуудтайгаа ойлголцолд хүрч чадахгүй байгаа тухай мэдээлэл гарах болсон. Үүнд тайлбар хийх хэрэгтэй” гэлээ.

Монгол Улс, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд бүх санхүүжилтээ авч байгаа гэдгийг Сангийн сайд хэллээ. Тэрбээр, “ЖАЙКА-гийн мөнгө шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа орж ирэх юм. Ерөнхий сайд шинэ нисэх буудлыг энэ долдугаар сард ашиглалтад оруулах үүрэг өгсөн” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.118.7)