Монгол сарлагийн хөөвөр дэлхийн зах зээлд гарч эхэллээ

Швейцарын Хөгжлийн агентлагийн "Ногоон алт" малын эрүүл мэндийн төслөөс Монголын нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний дэлхийд ялгарах онцлог чанаруудыг баталгаажуулах үйл ажиллагааг цахимжуулжээ. Энэ нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтыг сайжруулах замаар бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж буй үйл ажиллагаа юм.. 

Бүтээгдэхүүний чанарыг сайжруулж экспортод гаргахын сацуу мал эмнэлгийг хөгжүүлэх, гадаад, дотоодын хэрэглэгчдийн хүсэн хүлээж буй аюулгүй, эко бүтээгдэхүүний шаардлагыг хангах нөхцөлийг бүрдүүлж байгааг Швейцарын Хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш онцоллоо.

 

Мөн Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой эдгээр үйл явцын вэбэд суурилсан 3 цахим системийг Швейцарын Хөгжлийн агентлагийн дээр дурдсан төслүүдээс өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын мэдэлд, тодруулбал, ХХААХҮЯ-нд хүлээлгэн өглөө. Эдгээр системийг бүрэн хөгжүүлж, туршилт хийсний эцэст эрхийг нь ХХААХҮЯ-нд шилжүүлж, ингэснээр салбарын яам цаашид хариуцан хөгжүүлэх үүрэг хүлээж буй юм. Энд:

  • Мал аж ахуйн мэдээллийн систем,
  • Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах нэгдсэн программ хангамж, 
  • Сүү бэлтгэл, сүүний мөшгөх систем багтаж байна.

Системийг хүлээлгэж өгөх үеэр ноён Бенуа Мейэр-Биш мөн хэлэхдээ, "Системийг ашигласнаар малчид сүргийн зөв зохистой бүтцийг бий болгож, бэлчээрийн менежментийг чанартай зохион байгуулах боломжтой. Бэлчээр сайн байвал малын гаралтай түүхий эдийн ашиг шим нэмэгдэнэ" гэдгийг тэмдэглэн, Засгийн газар цаашид эдгээр системийг улам хөгжүүлж уялдаа холбоог нь ханган ажиллах үүрэг хүлээж байна. Манай агентлагийн хувьд хийсэн ажлынхаа тогтвортой байдлыг хангаж, үргэлжлэх боломжоор хангаж өгч байгаадаа баяртай байна. Цаашид ХХААХҮЯ системийг бүрэн хариуцаж манай талаас системийн ашиглалт хэрэгжилтийг хянан ажиллана" гэв.

Өнөөдрийн байдлаар малын гаралтай түүхий эд бэлтгэлийн "Хариуцлагатай нүүдэлчид" цахим системд хоёр төрлийн бүтээгдэхүүнийг бүртгэж, гадаад дотоодын худалдан авагчдад нийлүүлээд байна. Энэ талаар "Ногоон алт" малын эрүүл мэндийн төслийн зохицуулагч менежер Ц.Энх-Амгалан хэлэхдээ, "Швейцарт байхдаа Монголын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд баталгаажуулах талаар бодсон. Мөн тус улсад сарлагийн хөөвөр маш их зарагддагийг мэдээд Монголдоо сарлагийн хөөвөр самнах сургалт хийсэн. Одоо 20 гаруй хоршоо 60 тонн хөөвөр самнаад 10 гаруй үйлдвэрт нийлүүлж эцсийн бүтээгдэхүүн нь 10 сая ам.долларын орлого олж байна.

Манай улс бусад адилхан экосистемтэй орнуудтай харьцуулахад эрүүл бэлчээртэй. Мөн гол онцлог нь нүүдлийн мал аж ахуйтай учраас үүнийг л "чулуу болгох" үүднээс төслийн ажлыг анх эхлүүлсэн. Эдгээр систем нь малчдын гараас гарсан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах нэг хаалга болох юм" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.56.150)