Агаарын бохирдлыг багасгахад судлаачдын оролцоог чухалчилж байна

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын санаачилгаар “Агаарын бохирдлыг багасгахад судлаачдын оролцоо” зөвлөлдөх уулзалт болж байна.

Уулзалтыг нээж Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 50 хувиар багасгасан. Энэ үр дүнгээ бататгаж, 80 хувиар багасгах зорилт тавин, бүх талын арга хэмжээ авахад анхаарч, бэлтгэл хангаж байна. Орчны бохирдлыг багасгахад нөөцийг үр ашигтай хэрэглэх, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэл байгуулах зэрэг эко системд илүү үр дүнтэй менежмент нэвтрүүлэхэд эрдэмтэн, судлааачдын оролцоо чухал”-г онцлов.

Зөвлөлдөх уулзалтаар нийслэлийг цэвэр агаартай, эрүүл, аюулгүй орчин болгох, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг багасгах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхийг зорьж буй. Мөн тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлыг нэгтгэж, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөр боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргах юм.  

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Ирэх жилүүдэд нийслэл хотын мастер, стратеги төлөвлөгөөнд агаар орчны бохирдлын асуудлыг нийслэлийн иргэн бүрийн ая тухтай орчин, амьдралын хэв маягт нийцүүлэхийн тулд та бүхний санал, санаачилгыг байнга тусган, хэрэгжүүлнэ” гэлээ.

Зөвлөлдөх уулзалтыг цаашид цувралаар зохион байгуулах аж. Өнөөдөр Агаарын бохирдлын тархалтын загварчлал, өнөөгийн төлөв байдал, агаарын бохирдлын шалтгаан, эрүүл мэнд, авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг багасгах гэсэн гурван багц илтгэлийг салбарын эрдэмтэд хэлэлцлээ.

Уулзалтад  ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, академич Б.Авид, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч, Академич Ж.Тэмүүжин, НЭМҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор С.Өнөрсайхан гээд 10 гаруй эрдэмтэн, судлаач оролцон, судалгаа шинжилгээнд суурилсан санал дэвшүүлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.6.41)