Уинстон Черчиллийн гэрийн шаахайг үнэ хаялцуулжээ
Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн (1874-1965) өмсөж байсан гэрийн шаахай дуудлага худалдаагаар 39 мянган фунт стерлингийн (54200 ам.доллар) үнэ хүрч зарагджээ.
Дуудлага худалдааг Английн Баруун Суссекс гүнлэгийн “Bellmans” дуудлага худалдааны ордон зохион байгуулжээ. Алтан шар өнгөөр WSC гэж бичсэн хар хөх өнгийн тансар хилэн шаахайг үнэ хаялцуулсан байна. Уг шаахайг Черчилль 1951-1955 онд Засгийн газрын тэргүүнээр хоёр дахь удаагаа ажиллаж байхдаа байнга өмсдөг байжээ. Нэгдсэн Вант улсад явуулсан янз бүрийн санал асуулгаар түүхэн дэх хамгийн агуу британичуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Ерөнхий сайд асны шаахайн дуудлага худалдааны анхны үнэлгээ 10-15 мянган фунт стерлинг (14-21 мянган ам.доллар) байсан байна. Шаахайг Британийн хувийн цуглуулагч худалдаж авсан бөгөөд нэрийг нь зарлаагүй байна.
Үүнээс гадна, 1960 онд Черчиллийн бренди ууж байсан хундага 18.3 мянган фунт стерлингийн (25400 ам.доллар) үнэ хүрч, зарагджээ.
Эх сурвалж: ЛОНДОН. /TASS/