Хааны гэр бүл Харри, Меган нарын асуудлыг анхааралдаа авна
Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нарын хөтлөгч Опра Уинфритэй хийсэн ярилцлагын үеэр дурдагдсан асуудлуудад хааны гэр бүл цаашид нухацтай хандана хэмээн Букингемийн ордны мэдэгдэлд дурджээ.
Ярилцлага өгөх үеэрээ Меган хааны гэр бүлийн гишүүн болсныхоо дараа маш их ганцаардаж, түүнийгээ дотроо хадгалахаас өөр аргагүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн Меган амиа хорлох талаар нэг бус удаа бодож байсан талаараа ярьсан байна. Тэрбээр эмнэлэг явж, сэтгэл зүйн зөвлөгөө авахыг нь зөвшөөрөхийг хааны ордны өндөр дээд төлөөлөгчдөөс хүсэж байсан ч татгалзсан хариу авдаг байжээ.
Гэсэн ч арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой асуудал Меганд тулгарсан хамгийн хүнд бэрхшээлүүдийн нэг байсан аж. Хүү Арчи нь хунтайж болж, хааны гэр бүлийн хамгаалалтыг авахгүй хэмээн түүнийг хөл хүнд байх үед нь мэдэгдэж байжээ. Түүнчлэн хүү Арчигийх нь арьсны өнгө хэр зэрэг өнгөт байх бол гэсэн яриа Меганы чихэнд хүрчээ. Энэ талаар хунтайж Харри ярилцлагын дараа мэдэгдэхдээ, хатан хаан II Елизавета, түүний нөхөр Филипп нар ийм яриа үүсгээгүй гэжээ.
“Сүүлийн жилүүдэд хунтайж Харри, Суссексийн гүнгийн ахайтан Меган нарт ямар хүнд байсныг олж мэдэх үед хааны гар бүлийнхэнд тун тавгүй байсан. Ярилцлагын үеэр хөндөгдсөн асуудлууд тэр дундаа арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой асуудал сэтгэл түгшээж байна. Нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрийн дурсамж үлдсэн байж болох ч бид ярилцлагын үеэр хөндөгдсөн асуудлуудыг нухацтайгаар анхааралдаа авна” хэмээн Букингемийн ордны мэдэгдэлд дурдсан байна.
Түүнчлэн Харри, Меган, Арчи нар үргэлж хааны гэр бүлийн хайртай гишүүд байх болно хэмээн мэдэгдэлд онцолжээ.
Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/