Ганцаараа байхдаа хийхэд тохиромжтой 7 зүйл

Ганцаараа байхыг ганцаардахтай адилтган эндүүрэх хүмүүс бий. Угтаа бол ганцаараа байхдаа бид аливааг бие даан сурч, өөрийгөө хөгжүүлж, туршлага суух боломжтой. Ингээд энэхүү нийтлэлээрээ ганцаараа байхдаа хийх боломжтой сонирхолтой зүйлсийг санал болгож байна.

1. ГАДУУР ХООЛЛОХ

Бид ихэвчлэн дотнын найз, хос, гэр бүлийнхээ гишүүдтэй хамт гадуур хооллодог. Гэхдээ бяцхан амжилт гаргах, зорилгодоо хүрэх, аль эсвэл урам зориггүй болсон үедээ өөрийгөө амтат хоолоор дайлж, хоолоо тухлан сууж зооглож яагаад болохгүй гэж?

Заримдаа хүмүүстэй хамт хооллочхоод “дэмий л уулзаж дээ” гэж харамсах нь бий. Үүний хооронд хааяа ч болов ганцаараа суугаад тайван гэгч нь хооллох нь танд таатай мэдрэмж өгөх болно.

Мөн олон хүмүүстэй хооллох үед ширээний ард удаан хугацаагаар сууж, улмаар хэвийн хэмжээнээс хэтрүүлэн идэх хандлагатай байдаг гэсэн судалгааны үр дүн бий.

2. КИНО ҮЗЭХ

Киноны хамтрагчид тань кино таалагдаж байгаа эсэх, үзэж дууссаны дараа юу хийх зэрэгт санаа зоволгүйгээр утасныхаа дууг хаагаад анхаарлаа 100 хувь киноны үйл явдалд төвлөрүүлэх боломжийг өөртөө олгоод үзээрэй.

3. ТОГЛОЛТ ҮЗЭХ

Орчин цагт сонгодог урлагийн тоглолт үзэх дуртай хүнийг олоход амаргүй болжээ. Сонирхсон тоглолтыг чинь яг тан шиг үзэхийг хүсэж буй хүнийг гарч ирэхийг хүлээхийн оронд ганцаараа үзээд үзээрэй. Магадгүй ингэснээр дараагийн удаа энэ төрлийн тоглолтыг хамт үзэх ижил сонирхолтой найзаа олж ч болох юм.

4. ЯВГАН АЯЛАЛ ХИЙХ

Цэвэр агаар амьсгалж, чөлөөт цагаа байгальд өнгөрөөх сайхан ч хамт явах хүнээ олох хэцүү байдаг. Тэгвэл заавал хэн нэгний зав зайг харалгүйгээр ганцаараа явган аялал хийх нь бие болоод сэтгэлзүйн олон ашиг тустай аж.

Элдвийн бодолд сатааралгүйгээр байгальтай холбогдож, төвлөрч чадсанаар тайвшраад зогсохгүй стрессээ ч тайлах боломжтой.

Гэхдээ ганцаараа явган аялал хийх бол аюулгүй байдлын үүднээс бэлтгэлээ сайн базааж, дотнын хүмүүстэйгээ холбоо барих бүрэн боломжтой байхаар бэлтгээрэй. Та өмнө нь хэзээ ч явган аялал хийж үзээгүй бол ганцаараа хийхгүй байхыг зөвлөж байна.

5. ШИНЭ ЗҮЙЛ СУРАХ

Сурах зүйл үргэлж байдаг шүү дээ. Амттай хоол, амттан хийх сургалт, байт харваа, бүжгийн дугуйлан гээд өмнө нь сурахыг хүсдэг байсан ч боломж нь бүрддэггүй байсан зүйлсээ хийж үзээрэй. Цар тахлын улмаас бид олон боломжуудыг алдсан ч онлайн сургалт гэх маш том боломж бий болсон шүү дээ.

Аливааг бусдад таалагдах гэж хийхийн оронд өөрийн сонирхолд нийцсэн зүйлсийг хийх боломжийг өөртөө олгоорой.

6. САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХ

Хүмүүс сайн дурын ажлыг олон өөр төрлийн шалтгааны улмаас хийдэг. Ижил төрлийн сонирхолтой хүмүүсээ олж, танилын хүрээгээ тэлэхийг хүсэж хийдэг хүмүүс байхад бусдад туслангаа хувийн хэргээ "баяжуулж", нэг сумаар хоёр туулай буудах гэж хийдэг хүмүүс ч бий.

Гэхдээ хүн бусдад тусалснаар өөрийнх нь туслалцаа хэрэгтэй байгаа хүн хаа нэгтээ байдаг гэдгийг ухаарч, өөрийн үнэ цэнээ эргэцүүлэх боломжтой болдог. Тиймээс сэтгэлээр унасан, гутарсан, үнэ цэнгүй мэт санагдсан үедээ бусдад бага ч болов тус хүргэхийг зөвлөж байна. 

7. ХИЧЭЭЛЭЭ ХИЙХ

Анхаарлыг тань өөр зүйлд чиглүүлэх хэн нэгэн байхгүй үед хичээл хийх шиг сайхан зүйл үгүй. Ганцаараа хичээллэхийн давуу талууд:

- Анхаарал төвлөрөлт - Багаар ажиллах үед багийн бусад гишүүддээ найдах, ямарваа нэг тодорхойлолтыг өөрийн болгохоос илүүтэйгээр цээжлэх зэргээр хүчин чармайлт бага зарцуулдаг. Харин ганцаараа хичээллэснээр анхаарал бүрэн төвлөрөх ба энэ үед бэлдсэн сэдвүүд ой санамжид удаан хугацааны турш хадгалагдан үлддэг байна. 

- Бүтээлч байдал - Аливаа зүйлд гарц гаргалгаа хайхад олуулаа сууж "brainstorming" буюу хүн бүр толгой дахь шинэ санаагаа гаргах арга үр дүнтэй гэж үздэг боловч хүмүүс бие даан ажиллаж буй үедээ хүнд хэцүү асуудлыг илүү хялбархнаар шийдэж чаддаг гэдгийг цөөнгүй судалгаагаар баталжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.108.201)