Тайландын ХАЧИРХАЛТАЙ соёл

Орон орны хоолны соёл өөр. Тэр дундаа Азийн орнуудын гудамжны хоол нүд эрээлжлэм бөгөөд харсан хэний ч арааны шүлсийг асгаруулам. Энэ удаа бид та бүхэнд Тайландын Транг хотын гудамжны хоолны соёлоос сонирхуулж байна.

Тайландын өмнөд хэсэгт орших Транг хотод хүмүүс үүрийн 04:00 цагаас өмнө босож сүмийн танхим, кафе, гудамжны хүнсний худалдаа эрхлэгчид рүү хошуурна. Харин худалдаа эрхлэгчдийн хувьд шөнийн 03:00 цагт босож бэлтгэлээ базаадаг. Шөнийн нойроо хугаслан барин ийнхүү сэрэх нь Тайландын өглөөний цайны соёлтой холбоотой. Транг шиг өглөөний цай уух тал дээр нухацтай ханддаг газар дэлхий дээр тийм ч олон биш.

Тэгвэл энэ хотын хоолны соёлыг бий болоход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь цагаачлал аж. Хятад цагаачид 15-р зуунаас хойш худалдаа үйлчилгээ эрхлэхээр Андамын тэнгисийн дагуу олноороо ирж суурьшжээ. Орон нутгийн хэв маягаар шарсан гахайн махыг Транг даяар өглөөний цайнд килограммаар нь худалдаална. Энэхүү хоол нь Хятадын ард түмний баяр ёслолоороо зооглодог уламжлалт хоолны нэг ч өдгөө Тайланд нутгийн иргэдийн гол хэрэглээ, гадаадаас ирэх аялагчдын заавал идэх ёстой хоолны нэг болтлоо нутагшжээ.

Худалдаачдын махаа шарж буй арга нь тун өвөрмөц. Гахайн махыг яснаас нь салгаж, гүн хэрчлээс гарган анхилуун үнэртэй таван амтлагчид дарсан сүмсэнд дүрж Тук тукийн хэмжээтэй зууханд хийж шарна. Тук тук гэдэг нь урдаа жолоочийн нэг, хойноо зорчигчийн хоёр суудалтай гурван дугуйт тээврийн хэрэгсэл билээ. Гүйцэд шарагдсан гахайн мах нь бараг л шүд хугалам шаржигнасан бүрхүүлтэй хатуу бөгөөд чихэрлэг амттай. Транг хэв маягаар шарсан гахайн махыг ямар нэгэн сүмсэнд дүрж идэх ч шаардлага үгүй. Амт нь аль хэдийнэ төгс болчихсон байдаг.

Транг нутгийн шарсан гахайн махны дараа орох алдартай бүтээгдэхүүн бол гүн шарсан өглөөний хоолны зуурмаг юм. Тун хачирхалтай нэршилтэй энэ хоол ч мөн адил Хятадаас улбаатай.

“Күн Чианг Банг Рак” бол Транг дахь хятад маягаар гүн шарсан өглөөний хоолны зуурмагаар үйлчилдэг мухлагийн нэг юм. Уг мухлагийн эзэн Сомёот Атакижмонкол өдөр бүр шөнийн 03:00 цагт босож гурилаа зуурч бэлдэнэ. Ингээд өглөөний 06:00 цагийн орчимд бэлдсэн гурилаа шарж 09:00 цаг хүртэл бүтээгдэхүүнээ борлуулна. Сомёот зөөлөн цайвар зуурмагаа хэлбэржүүлэн чимхэж ойролцоогоор асаагуурын хэмжээтэй, савхан хэлбэртэй болгож зүсдэг. Ингэж зүссэн хоёр гурилыг хооронд нь нийлүүлж, халуун тос руугаа аажмаар гулсуулан урт савхаар эргүүлсээр алтлаг шаргал өнгөтэй болтол нь шарна. Шарсан гурил урт шаржигнасан болох ч дотор тал нь зөөлөн байдаг нь энэ газрын бүтээгдэхүүний онцлог аж. 

Трангийн өглөөний цай нь зөвхөн хятад хоолнуудаар хязгаарлагдахгүй. Тайландын өмнөд хэсгийн нэгэн адил энэ хотод мусульманчууд ихээр суурьшдаг. Галт тэрэгний буудлын ойролцоох задгай “Халал” ресторанууд роти гэх ширхэгтэй шаржигнасан талхыг анхилуун үнэрт карритай хослуулан худалдаалдаг.

Тайландын бусад хотуудад эдгээр хоолыг ихэвчлэн үдийн хоол гэж үзэх боловч Трангд бол өглөөний хоол гэж үзнэ. Тэр ч байтугай Тайландад амьдардаг хүмүүс ихэнхдээ өдөрт гурваас дөрвөн удаа хооллодог бол Трангд хүмүүс өдөрт есөн удаа хооллоно. Жуулчид ч их очно. Энд гудамжны хоол аль хэдийнэ соёлынх нь нэг хэсэг болтлоо хөгжсөн. Хоолны нэр төрөл хязгаарлагдана гэж үгүй. Гахай, буга, матрын мах гээд амталж үзэх өвөрмөц хоол тоо томшгүй. Зөвхөн өглөө ч гэлтгүй шөнийн цагаар ч гудамжны хоолны худалдаа эрхлэгчид ажиллаж л байдаг. Яг л энэ газартаа мөнх байх мэт. Хүн бүр гудамжиндаа сууж кофе, цай уунгаа хоорондоо яриа өрнүүлж сууна. Гудамжны хоол гэдэг нь магадгүй хэзээ ч үл дуусах аяллын сэдэл ч байж болох юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.140.232)